Улаан бүсэд нэвтэрсэн Ч.Ичинхорлоогийн асуудал намжиж, иргэдэд аюулыг сэрэмжлүүлсэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татав

Улаан бүсэд нэвтэрсэн Ч.Ичинхорлоогийн асуудал намжиж, иргэдэд аюулыг сэрэмжлүүлсэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татав

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Энхсаран” гэх сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрснээр манай улс халдварыг анх дотооддоо алдсан билээ. Харин тус сувиллын газарт халдвар, хамгааллын дэглэм алдагдаж, коронавирус тархах нөхцөл бүрдсэн гэсэн шүүмжийг иргэд цахим орчинд өрнүүлсөн бөгөөд тухайн үед “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тус сувиллын газрын эрүүл, ахуй халдвар хамгаалалтын дэглэмийн талаар анх олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. Үүний дараа УОК-ийн удирдлагуудын зүгээс халдвар хамгааллын дэглэм алдаж, вирус тархах нөхцөл бүрдүүлсэн тус сувиллын эздэд хариуцлага тооцох болсон талаар мэдэгдсэн бөгөөд өдгөө энэ асуудалтай холбоотойгоор 15 гаруй хүнийг шалгаж буй.

-ТҮҮНИЙГ “ЭНХСАРАН” СУВИЛЛЫН ГАЗРЫН ХОНГИЛД ГАРЧ ЛАЙВ ХИЙСЭН ГЭСЭН ХЭРГЭЭР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Харин иргэн Д.Мөнхбат тухайн үед өөрийн цахим хуудсаар "БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч “Энхсаран” сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан. Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай талаар цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө албан тушаалтнуудад шаардлага тавьсныхаа дараа цагдаад дуудагдаж, гэмт хэрэгтэн болсноо мэджээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард ХӨСҮТ-д эмчлэгдэж гараад удаагүй байтал түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудаж, тайлбар мэдүүлэг авсан байна. Ингэхдээ өдийг хүртэл Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуульд заасан арга хэмжээнүүдийг зөрчсөн гэсэн үндэслэлээр удаа дараа дуудагдан шалгагдаж байсан ч өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуулийн 15.6.1-ээр яллагдагчаар татагдсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тодруулбал, түүнийг ЦЕГ-аас бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм холбогдох бусад журам заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байна. Өөрөөр хэлбэл, хорио цээрийн дэглэм санаатайгаар зөрчиж, бусдыг өдөөн турхирч, үймээн үүсгэн тусгаарлах байрны дэглэм зөрчсөн асуудлаар шалгаж байгаа аж.

Харин иргэн Д.Мөнхбат энэ талаараа “Би эх орондоо эрүүл ирээд, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад, 22 дахь хоног дээрээ халдвар илэрсэн. Тухайн үед тусгаарлах хугацаа 21 хоног байсан болохоор би 22 дахь хоногтоо “Энхсаран” сувиллын хонгилд гарч шууд дамжуулалт хийсэн юм. Энэ нь иргэдийг турхирч, үймүүлж, бусдад халдвар тархах эрсдэл үүсгэсэн гэж байгаа юм билээ. Миний эсрэг мэдүүлэг гаргасан хүмүүс нь Эрүүл мэндийн салбарыг гутаан доромжилсон гэж үзэж байгаа гэсэн. Тухайлбал, “Энхсаран” сувиллын удирдлага, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа зэрэг хүмүүс мэдүүлэг өгсөн байна лээ” гэжээ.

-ШАДАР САЙДЫН ЭХНЭР Ч.ИЧИНХОРЛОО ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, ӨВЧИН ТАРХАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН Ч ЯМАР НЭГЭН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЮУ-

Гэтэл саяхан халдвар хамгаалалтын дэглэм, журмыг баталж иргэдэд сахиулах онцгой үүрэг гүйцэтгэдэг Шадар сайдын гэргий, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн “улаан бүс” буюу халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тасаг рүү нэвтэрч, тус газарт хэвтэн эмчлүүлж буй аав, ээжтэйгээ хэсэг хугацааг өнгөрөөгөөд, тэндээс шууд гадагш гарч нийгмийн харилцаанд орсон талаарх мэдээлэл цацагдаж олон нийтийн анхаарлыг багагүй төрүүлсэн. Учир нь ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрсэн иргэн халдвар авах магадлал маш өндөр бөгөөд тус хэсэгт нэвтэрсэн л бол 14 хоногт эмнэлэгт тусгаарлагдах ёстой. Гэтэл Ч.Ичинхорлоо нь дэглэм зөрчиж, маш олон иргэдийг эрсдэлд оруулсан нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг иргэд хэлж, шаардлага тавьж байсан ч Шадар сайд С.Амарсайхан энэ үйлдлийг үгүйсгэж, түүний эхнэр ямар ч хариуцлага хүлээлгүй мултарсан. Гэтэл энгийн нэг иргэн өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө үзэл бодлоо илэрхийлж, зөв шаардлага тавьсныхаа төлөө олон сар цагдаад дуудагдаж, эцэст нь Эрүүгийн хэргээр яллагдаж байгаа энэ үйлдэл дэндүү шударга бус байгааг иргэд илэрхийлж байгаа юм. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой ч коронавирусийн энэ үед сайд дарга нарт хууль үйлчилэхээ байж, энгийн иргэдийг яллаж, торгодог үйлдэл гаарсаар байна.

Иргэн Д.Мөнхбатад холбогдсон Эрүүгийн хуулийн 15.6.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

-Сайн байна уу, таныг хэзээнээс, ямар үндэслэлээр цагдаагийн байгууллагаас  шалгаж эхэлсэн бэ?

-Сайн, сайн байна уу. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдвар аван ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан. Төд удалгүй цагдаагийн байгууллагаас залгаж, ирж шалгуулах шаардлагатай гэсэн юм. Ингээд очиход намайг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэхь хэсэгт зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн үндэслэлээр, мөн “Энхсаран” сувиллын хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон талаар мэдэгдсэн.  

-Цахим орчинд таныг 500 мянган төгрөгөөр торгосон гэсэн мэдээлэл тараад байсан?

-Тийм ээ, энэ долоо хоногийн эхээр ийм шийдвэр гарсан. Гэхдээ би өөрийгөө олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл хийсэн гэж бодохгүй байна. Тиймээс ногдуулсан торгуулийг төлөх хүсэлгүй байгаа. Өмгөөлөгчтэйгөө ярилцаад дахин давж заалдахаар болсон.

-“Энхсаран” сувиллын газартай холбогдуулан шалгаж байгаа нь ямар учиртай юм бэ, тус сувиллын газрын эзэд болон бусад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан?

-Тиймээ, өөр хүмүүсийг бас давхар шалгаж байгаа гэсэн. Гэхдээ энэ шалгагдаж дуусаагүй хэрэг учраас олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна, уучлаарай.

-Өөрийн тань хувьд цахим орчинд энэ асуудал дээр нэлээн шүүмжлэлтэй байгаа харагдсан?

-Тийм ээ, зохисгүй асуудлыг шүүмжилж, үгээ хэлж дуу хоолойгоо хүргэж байгаа залуусыг дарах гэсэн үйлдэлд нь үнэхээр харамсаж байна. Залуус бид асуудалд шүүмжлэлтэй хандаж, засч залруулж байх нь ирээдүйд хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө