Д.Цогтбаатар элчин сайд болж, Сүхбаатар дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болох уу

Д.Цогтбаатар элчин сайд болж, Сүхбаатар дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болох уу

Д.Сумъяабазар хотын дарга болж, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тул, Сонгинохайрхан, Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуульд болохоор болоод байна.

Тэгвэл дээрх хоёр тойргоос гадна Сүхбаатар дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болж магадгүй байгаа аж. Тодруулбал, тус дүүргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар элчин сайдаар томилогдож магадгүй байгаа аж.

Учир нь Үндсэн хуулийн 33.5 -д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхийг Ерөнхийлөгч нь хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Иймд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараа манай улсаас гадаадад орнуудад суугаа ихэнх элчин сайдуудыг өөрчилнө гэсэн мэдээлэл байгаа юм. Иймд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан туршлагатай Д.Цогтбаатар аль нэг томоохон оронд элчин сайдаар томилогдож магадгүй байгаа ажээ.Харин УИХ-д хэт олонх буюу 62 суудалтай МАН-д Д.Цогтбаатар парламентын гишүүнээсээ чөлөөлөгдөх нь тийм ч ач холбогдолтой бус байж болох юм. Нөгөөтэй ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд шинэ залуу улс төрчид нэр дэвших, яллах магадлалтай тул түүнд ирээдүйд дахин сонгогдох боломж олдохгүй ч байх талтай юм.  

Сонирхуулахад, нийслэлийн өөр нэг дүүргээс парламентад сонгогдсон гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж магадгүй байгаа аж. Хэрэв ингэсэн тохиолдолд нийт дөрвөн тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд болж магадгүй байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.