СУРВАЛЖИЛГА: Хурдны замын цуурсан “далан”-гаа засахгүй, замын хагарсан хэсгээ нөхөөд өнгөрөх үү

СУРВАЛЖИЛГА: Хурдны замын цуурсан “далан”-гаа засахгүй, замын хагарсан хэсгээ нөхөөд өнгөрөх үү

Одоогоос хоёр жилийн өмнө /2019.07.03/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийн нисэх буудал хүртэл 32,2 км асфальт бетон хучилттай, дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг  гүүр, 21 ширхэг нүхэн гарц  28 ширхэг  дугуй хоолойтой хурдны замыг ашиглалтад оруулж байсан.

Тухайн үедээ тус зам нь Монголдоо анхдагч хурдны зам гэдгээрээ шагшигдаж, зарим улс төрчдийн “иргэдээс оноо авах сэдэв” нь болж байв. Гэтэл тус хурдны замыг ашиглаж, автомашин зорчиж эхлээгүй байхад голоороо цуурч, үргэлжилсэн урт ан цав үүссэн нь энэхүү замын чанар ямар төвшинд байгааг харуулсан билээ. 

-ХУРДНЫ ЗАМЫН ДАЛАНГ СОЛИХГҮЙ БОЛ ХӨРСНИЙ ГУЛГАЛТ ҮҮСЭХ АЮУЛТАЙ-

Манай улсад “хурдны замын стандарт байхгүй” гээд тус замын тендерт оролцсон компаниуд замыг аргацааж нөхөөд өнгөрөх зүйл огт биш. Иймд бид “Хөшгийн хөндийн нисэх буудал” хүртэл хурдны замын засварыг хэрхэн хийж байгааг сурвалжилахаар өчигдөр /2021.06.21/ зорьсон юм.

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт “Хурдны замын хагарлын шалтгаанд дүгнэлт гаргах” тендерийг Зам тээврийн яамнаас зарласан байна.

Иймд дүгнэлт гарсны дараа хурдны замын “далан”-г  тэр хэсэгт нь бүтэн солих уу, эсвэл замын хагарсан хэсгийг нөхөөд өнгөрөх үү гэдэг нь тодорхой болох аж. Учир нь автозамын хагарлын ихэнх нь далангийн ажлыг буруу хийсэнтэй холбоотой байдаг байна. Хэрэвзээ далангийн хагарлыг засахгүй бол тус хурдны зам дээр хөрсний гулгалт үүсэх аюултай гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

-ХУРДНЫ ЗАМЫН ХАГАРСАН ХЭСГИЙГ МОНГОЛ КОМПАНИ ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮ-

Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын 149,3 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр барьсан бөгөөд барилгын гүйцэтгэх гэрээг Зам тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК 2015 онд гэрээ байгуулсан байдаг бол туслан гүйцэтгэгчээр манай улсын “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК тус тус ажиллаж барилгын ажлыг 2016 онд эхлүүлсэн байдаг байна. Биднийг замын хагарсан хэсэгт очиход засварын ажилчид  замын нэг урсгалын цуурсан гэх эгнээний хучилтыг өрөмдөн авч, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байлаа.

Бид ажилчдын ахлах гэх залуугаас энд ямар ажил хийж байгаа болон зам засварын ажил хэзээнээс эхэлсэн, замын гэмтэл юунаас болж гарсан талаар тодруулахад, “Бид юу ч мэдэхгүй, Хятад компани л энэ замын талыг нь хийсэн. Яг энэ эвдрэлтэй хэсэг бол Хятадын хийсэн тал. Бид энэ эвдрэлтэй хэсгийн өрөмдөж цэвэрлэх ажлыг нь хийх үүрэгтэй. Нарийн ширийн технологийн ажлыг Хятад компани хариуцаж хийнэ” гэсэн юм. Энэхүү өрөмдөж цэвэрлэх ажил нь хориод хоног үргэлжилж байгаа аж. Мөн замыг өрөмдөж буй хэсгээс өөр хэд хэдэн газарт ч зам цуурч хагарсан гэх ул мөрүүд харагдаж байв. Харин өөр сурвалж, “Хөшгийн хөндийн нисэх буудал хүртэлх хурдны замын хагарсан хэсгийг Монгол компани хийсэн байж болзошгүй байгаа. Үүнийг зам тээврийн яам болон гүйцэтгэгч компани их нууцалж байгаа” гэсэн юм.  

-ХУРДНЫ ЗАМЫН СТАНДАРТ-

Одоогоор замын эвдрэл юунаас болж үүссэн болон яаж засаж янзлах нь тодорхойгүй байх бөгөөд хэрвээ нөхөж, зассан болж орхивол цаашид дахиж хэзээ цуурч ард иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг таашгүй. Иймд бид хурдны замын зарим стандартыг танилцуулж байна.

  • Хурдны замын хамгийн бага хурд: Хамгийн багадаа  (80 км / цаг) байх бөгөөд уулархаг, хот суурин газраас бусад газарт  (113 км / цаг) хурдтай байхаар тогтоогдсон. Хурдны замын мурийлт болон хэт өндөрлөлтийг AASHTO-ийн одоогийн хурд, гудамжийг геометрийн зураг төсөл боловсруулах бодлогыг дагуу хэв шинж загвартай нийцүүлэн дагаж мөрдөх ёстой. 
  • Хурдны замын эгнээний хамгийн бага өргөн: Эгнээний хамгийн бага өргөн нь (3.7 м) бөгөөд ихэнх АНУ, муж улсын хурдны замтай ижил байна.
  • Хучилтын налуу: Хурдны замын шулуун хэсгүүдэд ус зайлуулах хоолойг зөв зохистой байлгах үүднээс замын зорчих хэсэг нь дор хаяж 1.5%, болж өгвөл 2%-ийн хөндлөн налуутай байх ёстой.  Зүүн ба баруун мөрний хөндлөн налуу нь 2-6% хооронд байх боловч үндсэн эгнээнээс багагүй байна.
  • Дундаж өргөн: Дундаж нь хөдөө орон нутагт (15 м), болж өгвөл  (18 м), хот, уулархаг газарт (3,0 м), үүнээс гадна хаалт байх ёстой.
  • Хашлага: Хашлага нь босоо биш, налуу хэлбэртэй, өндөр нь (10 см) -ээс хэтрэхгүй байх ёстой гэж тус тус заасан байдаг байна.



Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө