З.Батбаяр: Ковидгүй зун болно, наадмаа хийнэ гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн тул уяачид морио бэлдэж эхэлсэн

З.Батбаяр: Ковидгүй зун болно, наадмаа хийнэ гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн тул уяачид морио бэлдэж эхэлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ковидгүй зуныг хамтдаа угтана” гэж уриалж, мөн Засгийн газраас зургадугаар сарын 23-ны өдөр Улсын баяр наадмыг цахимаар хийнэ гэж тогтоол гаргасан. Гэтэл найм хоногийн дараа  шийдвэрээ цуцалж, наадам хийхгүй гэж мэдэгдсэн. Энэ нь Засгийн газрын цаашдын шийдвэрүүдэд олон иргэдийг эргэлзэхэд хүргээд байгаа юм.

Иймд бид Монгол Улсын Манлай уяач, Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбооны тэргүүн, З.Батбаяртай ярилцлаа.

ВИДЕО ҮЗЭХ:

З.Батбаяр

-Энэ жил Ардын хувьсгалын 100 жил гээд олон тэгш ойтой жил гээд бөхчүүд, харваачид бэлтгэл сургуулилтаа хийж, уяачид хурдан морио уяаж эхлээд байсан байх?

-Энэ жил гэлтгүй, сүүлийн 3 жил л Монголын ард түмэн “100 жилийн ой” гэж ярьцгаасан. Дан ганц морь уядаг хүмүүс биш л дээ. Тэр дундаа харваачид, бөхчүүд, уяачид 100 жилийн ойгоор сайхан наадна, түүхэнд үлдэнэ гэж бэлтгэлээ базааж байсан.

-Үүнийг нь баталгаажуулсан Засгийн газрын шийдвэр, мэдэгдэл гарч байв уу?

-Энэ жил цар тахалтай хэцүү жил байлаа. Гэхдээ бол Засгийн газрын тэргүүн хавраас хойш л, сонгуулиас өмнө гэсэн үг шүү дээ, “ковидгүй зун болно”, бид дархлаажуулалтын ажлаа хийгээд наадмаа сайхан хийнэ гээд яриад байсан шүү дээ. Иймд уяач нар юу гэж ойлгосон гэхээр “наадмаа хийх юм байна” гээд л хавраас эхлээд морио бэлдэж, бөхчүүд, харваачид маань бэлтгэлдээ гарчихсан байсан. Ингээд байж байтал Засгийн газар “баяр наадам хийхгүй” гээд шийдвэр гаргалаа даа.

-Улсын баяр наадам хийхгүй гээд хоёр хоногийн өмнө Засгийн газар шийдвэр гаргасан. Харин үүнээс 10 хүрэхгүй хоногийн өмнө “баяр наадмаа цахимаар хийнэ” гэсэн шийдвэр гаргасан шүү дээ.

-Энэ ерөөсөө ийм л юм болсон. Хаваржингаа, өвөлжингөө наадам болно гэж ямар ч асуудалгүй гээд зарлаад байсан. Тэгж байснаа гэнэтхэн зургадугаар сарын 16-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд нь “Улаанбаатар хотод өнгөрсөн жилийнх шиг үзэгчгүй, цахим наадам хийе” гээд бүх аймаг, сумын наадмыг хориглосон. Ингэж хориглосон шийдвэрийг нь хөдөө орон нутаг 21 аймаг, 330 сумын иргэд гайхаж хүлээж авсан.

Иймд тус хурлын маргааш /2021.06.17/ Монгол Үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Сурын холбоо гурав уулзаад, “ингэж болохгүй, Улаанбаатарт төвлөрөл улам ихсэж, ковид алдах магадлал бүр нэмэгдэнэ. Хөдөөнөөс олон уяачид, сурчид ирэх юм байна” гээд хамтарсан мэдэгдэл гаргаад, аймаг, сумынхаа наадмыг зохицуулаад хийх талаар бодооч гэсэн шаардлага хүргэсэн юм.

Үүний дагуу яг долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хурлаас 171 тоот тогтоол гарсан байдаг. Энэ тогтоол дээр гамшгийн тухай хууль дурдаад, нэгдүгээрт, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо хийе, улсын наадам бол цахимаар явна, хоёрдугаарт, зохион байгуулалтыг С.Амарсайханд даалгаад, гуравдугаарт, хөдөө орон нутгийнхан Долдугаар сарын 20 хүртэл эрсдэлийн үнэлгээгээ хийж, ковидоо дарж аваад, Шадар сайдтайгаа зөвлөлдөөд наадмаа хийхийг аймгийн засаг дарга нарт зөвшөөрсүгэй гээд бүх шатны дарга нарт үүрэг болгосугай гэсэн Засгийн газрын тогтоол гарчихсан. Ингэхээр ч уяачид ямар ч гэсэн улсын наадам болдгоороо болох юм байна гээд бүр бат итгэлтэй морьдын үсэргээ, сунгаануудаа хийгээд эхэлчхэж байгаа юм.

З.Батбаяр

-Танай уяаны хувь зургадугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын тогтоол гараад хэрхэн яаж бэлдэж эхлэв. Хурдан морьдоо хөдөөнөөс Улаанбаатар хот руу дөхүүлэх гээд нэлээн ажил өрнөсөн байх?

-Манай уяа гэлтгүй бүх л хүмүүс зургадугаар сарын 16-нд гайхаж бужигнаад, зургадугаар сарын 23-нд Засгийн газрын тогтоол гарчхаар нь 24, 25-нд бүх газрууд морьдоо сунгаад эхэлсэн. Бүгд хөдөөнөөсөө хот руугаа зүглээд ойртоод нүүгээд эхэлсэн. Учир нь аймгийн наадам долдугаар сарын 20-ноос хойш болох юм байна. Тийм учраас нэгэнт уяацан, сайн байгаа морьдыг улсад уралдуулъя гээд хаагуур ирэх нь хамаагүй, бай шагнал хамаагүй, улсынхаа 100 жилд уралдана гээд зарим уяачид Улаанбаатар хотыг тойрч, ойртож ирцгээсэн.

-Танайх хаанаас уяа морьдоо авч ирэв?

-Манай уяа энэ жил Хэнтийн Дархан суманд ногоо идсэн. Тэндээ байж байгаад, ойртож “Хоолтын даваа”-ны цаах нь байж байгаад зургадугаар сарын 12-нд нүүж ирсэн. Тэгээд сая зургадугаар сарын 23-ны шийдвэр гарангуут Хүй долоо худгийн цаана “Бага цагаан хөтөл” дээр сунгаагаа хийх гээд нүүгээд ирсэн. Тэндээ бүх бэлтгэл ажил хангачихсан байж байсан.

-Засгийн газар наадмаа хийнэ гэж мэдэгдэж, уяачдад ингэж их ажил удчихаад, гэнэт л хийхгүй гэсэн шүү дээ?

-Энэ хүртэл уяачид морины ажил, сунгаагаа хийгээд хөдөөнөөс зарим уяачид нүүж ирсээр л байсан. Гэтэл гэнэт л зургадугаар сарын 30-ны өдөр дахиад Засгийн газрын тогтоол гарч байгаа юм. Баяр наадмын комиссын дарга чинь Шадар сайд байдаг шүү дээ. Харин Шадар сайд С.Амарсайхан ковидын халдвар авсан юм шиг байгаа юм. Тэгээд 30-ны Засгийн газрын хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг баяр наадмын комиссын даргаар томилсон. Энэ чинь бол наадмаа төр хийнэ гээд л яваад байна шүү дээ. Бид ч бас хийх юм байна гээд явж л байсан. Тэр битгий хэл Хүй долоон худагт чинь морь уралдах, бөх барилдах газрууд “хүрээ”-гээ бариад халдвар хамгааллын дэглэм сахиулах бэлтгэлээ базаачихсан байсан.

Ингээд байж байтал долдугаар сарын 01-нд no naadam гээд залуусын жагсаал боллоо. Тэгсэн гэнэтхэн Эрүүл мэндийн сайд нь УОК-т наадмыг хойшлуулж өгөөч гэсэн санал гаргаад, ингээд УОК хуралдаад орой 20:00 цагт мэдэгдэл хийж, “наадам хийхээ болилоо. Маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулахаар боллоо гээд долдугаар сарын 02-нд наадам хийхгүй гэсэн Засгийн газрын шийдвэр гарчихсан.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая мэдээлэл хийхдээ “Наадам хийхгүй байя гэж надад эрдэмтэн судлаачид хэлээд би долдугаар сарын 01-ны өдөр болсон УОК-ын хурлаас өмнө шийдвэрээ гаргачихсан байсан. Энэ мэдээлэл бол задарсан юм шиг байна. Наадам цуцлахыг мэдсэн хүмүүс no naadam, yes naadam гэсэн жагсаал хийсэн” гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Үүн дээр бол би санал нийлэхгүй байгаа юм. Яагаад гэхээр долдугаар сарын 1-нд жагсаал болоход УОК хуралдсан. Тэрнээс өмнө шийдвэрээ гаргасан байсан гэж Ерөнхий сайд ярьсан байна лээ. Би харсан. Тэгвэл шийдвэрээ гаргачихсан байсан юм бол яах гэж зургадугаар сарын 30-нд Баяр наадмын комиссын дарга томилж байдаг юм. Нэгэнт л баяр наадам хийхгүй гээд шийдвэр гаргачихсан байсан юм бол комиссын дарга томилох ямар хэрэг байдаг юм. Тэгээд бид долдугаар сарын 02-ны өдөр морьтой жагслаа шүү дээ. Тэгэхэд баяр наадмын комиссын дарга нь гарч ирж, бидний албан шаардлагыг авсан. Тэгэхээр би тэрийг бол худлаа гэж бодож байгаа. Сүүлийн үеийн сошиалын мэдээллээр ажлаа хийдэг болсон, тэгээд тэр залуусын жагсаалыг хараад л тийм шийдвэрийг гарсан байх гэж би бодоод байгаа юм. Өмнө нь шийдвэрээ гаргасан байсан гэдэг бол худлаа.

Би долдугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийн дараа Хүй долоо худгаар явж хүмүүстэй уулзахад, тэнд халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажилласан, шинжилгээ авах цэг, бөхчүүдийг бүртгэх, барилдуулах тойрог, уяачдыг бүртгэх, морьдыг замд гаргах зэрэг ажлуудыг үнэхээр төгс сайн зохион байгуулсан байсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байсан. Тэгэхээр наадам хийхгүй байх шийдвэр эрт гарсан байсан гэж би үзэхгүй байгаа, энэ бол тулж гарсан шийдвэр.

Би юу хэлэх гээд байна гэхээр манай Засгийн газар зөвхөн наадам дээр л гэхэд гурав, дөрвөн хуралдаанаар өөр өөр шийдвэр гаргасан нь цаасан дээр буучихсан. Тэгэхээр засаг төрд итгэх итгэл хэцүү л болж байна шүү дээ. Уяачид заавал морь уралдах гээд байгаа даа биш наадам дээр ингэж олон хувирч байна. Засгийн газрын өөр тогтоолууд ч гэсэн энэ мэт олон хувирахыг бид нар энэ өвөлжингөө харлаа шүү дээ. Энэ юуг харуулж байна гэхээр нэлээн ултай, суурьтай, нухацтай, алсыг харж шийдвэр гаргах зангараг гэх юм уу, буурь суурь гэх юм уу дутмаг л харагдаж байна.

З.Батбаяр

-Уяачид нийлээд yes naadam гэсэн морьтой жагсаалыг Сүхбаатарын талбайд хийлээ. Тус жагсаалд Монголын морин спорт уяачдын холбоо нэлээн сайн зохион байгуулалттай оролцов уу гэж би харсан?

-Уяач нар л нэгдсэн юм шүү дээ. Долдугаар сарын 1-ны өдрийн 20:00 цагт УОК-ын мэдэгдэл гарснаас хойш “Бага цагаан хөтөл”, “Агьт” зэрэг газруудаар байсан уяач нар хоорондоо уулзаж, энэ болохоо болилоо, Долдугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас өмнө морьтойгоо орж, шаардлага хүргүүлье гэж ярилцаж, нэгдээд л уяачид тал талаас ирсэн шүү дээ. Яахав маш олон хүмүүс саналаа илэрхийлсэн ч богино хугацаатай байсан. Холоос бол хүмүүс ирж амжаагүй.

Тэрнээс бол энд чинь очиж жагсах юмсан, дуу хоолойгоо өргөх юмсан гэсэн хүмүүс маш их байсан. Тэгээд бид 20:00 цагт сонсоод, яахав гэж ярилцсаар байгаад л морьдоо бэлчээрээс нь барилаад ингэсээр байгаад 02:30 цаг гээд л эхний хүмүүс 22-ын товчоо, түргэний голын товчоо гээд л орж ирээд байж байтал 03:00 цаг гээд л бүх товчоод дээр цагдаагийн хамгаалалт гарсан. Тэгээд сүүлийн морьтой хүмүүс орж ирж чадаагүй. Их хүн хамрагдах байсан тэгээд л 200 гаруй морьтой хүн л амжиж орж ирсэн байсан. Ингээд 200 гаруй морьтой Сүхбаатарын талбайд ирж шаардлагаа хүргүүлсэн.

-Цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж боосон үйлдэл гаргав уу энэ үеэр?

-Биднийг цуглаад байх үеэр цагдаагийн байгууллагаас үүрийн 04:30 цагт ирж албан ёсны шаардлагаа тавьсан. Бид улс төрийн зорилготой биш, нийгмийн хэм, хэмжээг захина, шаардлагаа өгчхөөд л буцна гэдгээ илэрхийлээд л орж ирсэн. Энд бол Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд л үзэл бодлоо илэрхийлсэн.

-Одоо цаашдаа та бүхэн ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?

-Тэр өдөртөө Засгийн газрын шийдвэр гарчхаар нь тэнд байсан уяачид гарын үсэг цуглуулаад, мөн нөгөө шаардлагаа УИХ-д өргөн барьсан юм. Тодорхой тооны УИХ-ын гишүүд гарч ирж авсан. Хууль тогтоох дээд байгууллага юм чинь эргэж харах байх гээд албан шаардлагыг хүргүүлсэн байгаа.

-Засгийн газар баяр наадмаа хийнэ гэхээр уяачид Хүй долоо худгийн ойролцоо ирээд морьдоо уяачихсан байсан. Одоо хийхгүй гээд шийдвэр гарчхаар уяачид буцаж байна уу?

-Уяачид буцаагүй байна. Морины ажлаа хийж байна. Яагаад гэвэл УИХ шийдвэр нааштай гарчих байх. Хойшлоод наймдугаар сард гэдэг ч юм уу. Эд намрын ажил эхлээгүй байхад, ковид нь багсаад, нөгөөтэй нэгэнт мөнгө төгрөг зарцуулаад наадмын хотхон барьчихсан. Тэгээд шийдвэр гарч магадгүй гээд уяачид хүлээгээд л байж байна. Харин уяачдыг хөөж, морины ажлыг нь хийлгэхгүй, найман машинтай 40 цагдаа ажиллаа гэж байна лээ. Мөн иргэд, цагдаа нарын дунд үл ойлголцол гарсан байна. Энэ бүхэн бол Засгийн газрын эргэж буцсан шийдвэрээс болж л иргэд, хуулийн байгууллагын дунд үл ойлголцол бий болчих гээд л байна.  УИХ хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж болно. Үүнийг хүлээгээд байж байна. УИХ шийдсний дараа уяачид хөдлөх байх.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн баярлалаа.