У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түр орлож байна

У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түр орлож байна

-УЛСЫН ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХ ЧУХАЛ ЦАГТ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨХГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхгүй ажиллаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөхийг түр хугацаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орлож байгаа аж.

Гэтэл энэ цаг үед ямар чухал, онцлогтой өдрүүд өнгөрч байгаа билээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөл торуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан.

Тухайн жилийн улс орны эдийн засгийн гол зургийг зурдаг төсвийн тухай хуулийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Гэтэл энэ чухал цаг үед Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд нь эдийн засгийн бодлогын зөвлөхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Төсвийн тухай хуулийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар дөрвөн шат дамжуулан хэлэлцдэг хуультай. Энэ бүхэнд ганц Сангийн сайд бус Ерөнхий сайдын зөвлөх чухал үүрэгтэй оролцож төсвийн төслийг намын бүлэгт танилцуулах, байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулах зэрэгт байлцах ёстой. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхийн үүрэгт ажил эзэнгүй хоосон байна.

Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээс эхлээд засч залруулах шаардлага үүсэх бүрт Ерөнхий сайдын эдийн засаг хариуцсан зөвлөх идэвхтэй байж, өндөр үүрэг оролцоотой байх ёстой. Гэтэл энэ чухал ажилтай хүн эзгүй.

Мөн энэ сарын 13-ны өдөр Монгол улс саарал жагсаалтад орох эсэхийг шийдвэрлэнэ. Цаашлаад наймхан сарын дараа ОУВС-ийн хөтөлбөр зогсоно. Энэ мэт шийдэх ёстой асуудлууд их байхад Ерөнхий сайд нь гол чиглэлийн салбарын зөвлөхгүй байж болох уу. 

Дайран дээр давс гэгчээр энэ асуудалтай уялдуулаад ер нь Ерөнхий сайдад хэр мэдлэг боловсрол, туршлага, ёс зүйтэй хүмүүс зөвлөдөг вэ гэдэг асуудал давхар сөхөгдөж эхэллээ.

-ТАМХИНЫ НАЙМААЧИН, 15 ТЭРБУМЫН ЗАВШИГЧ, СЕЙФТЭЙ МӨНГӨНИЙ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОГЧ НАР ЕРӨНХИЙ САЙДАД ЗӨВЛӨЖ БАЙНА-

Тэгвэл Ерөнхий сайдад мэргэжлийн экспертүүд биш хаа газрын болох, бүтэхгүй нөхөд зөвлөдөг болохыг зарим хэвлэл баримтаар дэлгэж эхлээд байна. Тухайлбал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх хамгийн дотны найз гэгдэх Б.Энх-Амгалан 2009 онд Польшийн интерполоор эрэн сурвалжлагдаж байжээ. Тэрбээр гадаад оронд дипломат алба хашиж байхдаа тамхины наймаа хууль бусаар хийсэн байж болзошгүй учраас ийнхүү шалгагдаж байж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн тэрбээр ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдож байжээ.

Түүнээс гадна улсын нөөц сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшаад 3.6 жилийн ял сонссон ч Өршөөлийн хуулиар суллагдсан Л.Алтангэрэл, алдагдсан сейфтэй мөнгөний хэрэгт нэр холбогдсон Н.Хүрэлбаатар, дипломат алба хашиж байхдаа тамхи зөөж хууль хүчний байгууллагын анхааралд өртөж байсан Д.Нямжав зэрэг хүмүүсээр хүрээлүүлж байна.