ВИДЕО: Банкны өрөнд авсан 6 тэрбумын зоорийг, улсад 25 тэрбумаар шахах ажлыг З.Мэндсайхан ЗГ-т оруулж, Монголбанк мөнгийг нь шийдэхээр ТОХИРОЛЦЖЭЭ

ВИДЕО: Банкны өрөнд авсан 6 тэрбумын зоорийг, улсад 25 тэрбумаар шахах ажлыг З.Мэндсайхан ЗГ-т оруулж, Монголбанк мөнгийг нь шийдэхээр ТОХИРОЛЦЖЭЭ

Нийгмийн даатгалын сангийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбум төгрөгөөр хүнсний ногооны зоорь худалдан авах гэж байгаа нь олны анхаарлыг татаад буй. 

Тодруулбал, Чингис хаан банк Нийгмийн даатгалын санд 101.6 тэрбум төгрөг төлөх ёстой. Гэвч өрөө төлөхгүй байгаа учир тус банкны  төлбөрт хүнсний ногооны зоорь авахаар болсон гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт мэдээлсэн. Харин тус зоорийн өртөг 2018 онд 3.2 сая ам.доллар буюу 6 тэрбум төгрөг байсан гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл Чингис хаан банкнаас 25 тэрбумаар авах гэж буй уг зоорийг төрд “шахах” асуудлыг хэн оруулж ирэв гэдгийг сурвалжиллаа.

ВИДЕО: 

Нийслэлчүүдийн төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Чингис хаан банкны хүнсний ногооны зоорийг нийслэлийн өмчит авах асуудлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам буюу З.Мэндсайхан сайд Засгийн газрын хуралдаанд оруулсан байна. Улмаар Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэн шийджээ.

Ингэхдээ зоорь худалдан авах хөрөнгийг Монголбанкнаас гаргахаар тохиролцож, тус ажлыг З.Мэндсайхан сайд ахлахаар болсон байна.

Товчхондоо, Чингис хаан банкнаас 25 тэрбум төгрөгөөр зоорь авах асуудлыг ганц сайдын шийдвэр бус Засгийн газрын төвшинд хэлэлцэж, хамтын шийдвэр болж гаргасан аж. Энэ нь ч учиртай. Асуудал хөндөгдвөл хамтын шийдвэр гэх үгээр халхавчлах байж. Харин уг зоорийг төрд авах “шахах” асуудал нэлээд дээрээс шидсэн чулуу гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Чингис хаан банкны өрөнд авсан гэх 25 тэрбумын зоорь

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангийн өрөнд Чингис хаан банкнаас зоорь худалдан авах асуудалд төрийн гурван өндөрлөгүүдийн нэг ч холбоотой байж магадгүй байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд Чингис хаан банк нийгмийн даатгалын сангийн мөнгийг үрэн таран хийж, эцэст нь хямд өртөгтэй зоорио өндөр үнээр шахахаар эхнээсээ төлөвлөж байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Тэгвэл Чингис хаан банкны дээрх зоорь нь “ОСМ агро трейдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Х.Шижир-Эрдэнэ гэх хүн байдаг байна.

УБЕГ-ын мэдээлэл