БАРИМТ: Шавар гэрүүдийн эзэн "Энигма" ХХК тус газарт нийслэлийн төсвийн  ₮1,9 тэрбумаар “Хангарьд”-ын хөшөөтэй тохижилт хийхээр гэрээлсэн байжээ

БАРИМТ: Шавар гэрүүдийн эзэн "Энигма" ХХК тус газарт нийслэлийн төсвийн ₮1,9 тэрбумаар “Хангарьд”-ын хөшөөтэй тохижилт хийхээр гэрээлсэн байжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамж гарч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжны "Дугуй цагаан" орчимд байрласан шавар гэрүүдийг буулгасан нь олны талархлыг хүлээсэн. Гэсэн хэдий ч газар эзэмшиж байсан "Энигма" компанийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.

ВИДЕО: 

-"ХУВИЙН ӨМЧИД ХАЛДЛАА" ХЭМЭЭН МЭДЭГДЭЛ ХИЙЖ, СЭТГҮҮЛЧ, ЦАГДАА НАРЫГ Ч МАРГАЛДУУЛСАН "ЭМИГМА КОНСТРАКШН" ХХК 1,9 ТЭРБУМААР ХАНГАРЬДЫН ХӨШӨӨТЭЙ ТОХИЖИЛТ ХИЙХЭЭР НИЙСЛЭЛТЭЙ ГЭРЭЭЛСЭН БАЙЖЭЭ-

Учир нь тус компанийн зүгээс "Өөрсдийнх гэрүүдийг буулгана гэж мэдэгдэлгүй хувийн өмчид халдсан" хэмээн, улмаар шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл тус компани нь дээрх газрыг чөлөөлж, тохижуулах гэж байгааг өнгөрсөн жил "мэдэж", улмаар тухайн газрыг тохижуулах тендерт ганцаараа оролцож, шалгарсан байна. 

Ар Зайсангийн гудамжнаас "Дугуй цагаан" хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын тендерт "Энигма констракшн" ХХК шалгарчээ

Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилт"-ын ажлын тендер зарласан байна. Улмаар “Хангарьд"-ын хүрэл хөшөөтэй тус тохижилтын ажлыг бараг балгас болоод байсан ч "шавар гэрүүдээ нураалгасан" хэмээн хэл ам хийгээд буй "Дугуй цагаан" орчмын газрыг эзэмшдэг "Энигма констракшн" ХХК хийхээр шалгарчээ. 

Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын батлагдсан төсөв

Нарийвчилбал, Уг тохижилтын ажлын нийт төсөвт өртөг нь Нэг тэрбум 968 сая 978 мянган төгрөг. "Энигма констракшн" ХХК нь тус мөнгөөр бетон хөлтэй 25 сандал, 17 модон сандал, амралтын 8 ширээ, хэвтээ сандал 32, сүүдрэвч-3, модон савлуур тоглоом-1, Хогийн сав-10, Иж бүрэн мэдээллийн самбар-8, "Хангарьд"-ын хүрэл хөшөө, дөрвөн дугуйн зогсоол зэргийг хийж тохижуулахаар гэрээ байгуулсан байна.

Ар Зайсангийн гудамжнаас "Дугуй цагаан" хүртэлх уулын алхалтын замын тохижилтын төнөг төхөөрөмжийн нэг бүрийн үнийг ийнхүү тооцжээ

Товчхондоо, Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал Л.Мөнхбатын эзэмшлийн "Энигма констракшн" ХХК нь уулын алхалтын замын тохижилтыг хийхээр болсон байгаа юм. Гэтэл өдгөө тухайн компани нь “Гэрүүдийг мэдэгдэхгүй буулгасан. Өмчид нь халдсан” гэх асуудал үүсгэж, цаашлаад сэтгүүлч, цагдаа нарын дунд маргаан үүсгэхэд хүргэсэн нь НЗДТГ, "Энигма констракшн" ХХК-ийн “шоу” магадгүй тус маргаанаас үүдэж, төсвийн мөнгөөр дээрх компанийн хохирлыг барагдуулахаар ийнхүү хэл ам дагуулж байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж буй юм.  

Уулын замд баригдах “Хангарьд"-ын хүрэл хөшөөний загвар

Нөгөөтэй, нийслэлчүүдийн амрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тус ажлыг хийх гэж байгаа нь сайшаалтай ч, дээрх тохижилтын хүрээнд 30 гаруй сая төгрөгөөр "Хангарьд"-ын хүрэл хөшөө барих гэж байгаа нь хэр зохистой вэ, эл хөшөө нь хэнд хэрэгтэй вэ гэх асуулт хариултаа нэхэж байна.

1,9 тэрбумаар хийгдэх тохижилтын ерөнхий зураг