БАРИМТ: УИХ-ын дарга Г.Занданшатар Цэцийн дарга Д.Одбаярыг хамгаалж байгаа юу

БАРИМТ: УИХ-ын дарга Г.Занданшатар Цэцийн дарга Д.Одбаярыг хамгаалж байгаа юу

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу ирэх Даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал болох газар, товыг жич зарлана гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зар тараасан юм.

-ДАВАА ГАРАГТ БОЛОХ ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ҮЕЭР Д.ОДБАЯР “ӨӨРИЙГӨӨ БУРУУГҮЙ” ГЭЖ МЭДЭГДЭХ ҮҮ-

Харин өчигдөр 17 цагийн орчимд Үндсэн хуулийн цэцийн зургаан гишүүн Д.Одбаярыг байлцуулан цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн өрөөнд таван цаг орчим хуралдсан байна. Тэд хурлаараа “Цэцийн дарга Д.Одбаярын зохисгүй үйлдлийг шүүмжилж, түүнийг Цэцийн даргын ажлаа сайн дураараа өгөхийг ятгасан аж. Харин Д.Одбаяр "Миний асуудал хоёр улсын хоорондын харилцаа болж байгаа. Солонгосын тагнуулын байгууллагаас миний бичлэгийг зориуд хийсэн энэ тухайгаа ҮАБЗ-д танилцуулна" гэж өөрийгөө өмөөрчээ.

Мөн тэрээр ирэх Даваа гарагт болох хэвлэлийн хурлын үеэр “би энэ асуудалд огт буруугүй гэж олон нийтэд мэдэгдэнэ” гэсэн байна.

-ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЖЭЭ-

Өчигдөр таван цаг үргэлжилсэн Цэцийн гишүүдийн хурлын төгсөлд Д.Одбаяр “Хэрэв миний энэ байдлыг ашиглаж, намайг цэцийн даргаас огцруулах гэж байгаа бол санасны чинь гарз. Би огцрохгүй нам /МАН/-ын удирдлагуудтайгаа уулзах болно" гэж хэлээд хаалга саван гарсан тухай мэдээлэл байгаа юм. 

Учир нь тэрээр тус хурлын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, Цэцийн гишүүн болоод цэцийн даргын албан тушаалдаа үлдэх талаар тохиролцох байх талтай байгаа ажээ. 

Учир нь цэцийн 9 гишүүнийг томилоход Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гэсэн квот байдаг. Харин Д.Одбаяр нь УИХ-ын даргын квотоор 2016 оны 11 дүгээр сард Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон юм. Харин 2017 оны зургадугаар сард Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, Цэцийн даргаар Д.Одбаяр сонгосон байдаг. 

-Д.ОДБАЯР АЛБАН ТУШААЛДАА ҮЛДВЭЛ ЦААШИД ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ИРГЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ -

Иймд түүнийг Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн, архидан согтуурсан, цагдаад шалгуулахаас татгалзсан зэрэг мэдээлэл гарсан даруйд УИХ-ын дарга Г.Занданшатар гэнэт мэдэгдэл хийж “Цэцийн дарга ийм асуудалд холбогдоогүй. Түүний ард сууж явсан монгол иргэн онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан” гэж Д.Одбаярыг өмөөрсөн нь тэрээр өөрийн квотны хүнээ хамгаалсан хэрэг байсан юм. 

Харин Д.Одбаярыг БНСУ-ын хуулийн байгууллага 7 сая воноор торгосон нь түүний гэм буруутай үйлдлийг тогтоож, шийтгэсэн шийдвэр юм. 

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол улсын гадаад нэр хүндэд ноцтой хохирол учруулсан Цэцийн дарга Д.Одбаярыг өмөөрч, түүнд улс төрийн хамгаалалт өгөх нь УИХ-ын даргын ёс зүйд нийцэх үү. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хамгаалж, Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, даргын албан тушаалд нь үлдээсэн тохиолдолд иргэд Үндсэн хуулийн цэцийг, түүний шийдвэрийг цаашид хүлээн зөвшөөрөх болов уу гэсэн сэтгүүлчийн бодол төрж байна.

Энэ тухай сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн facebook хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.

Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх нь зөв үү?

Нийт: 126 саналтай