Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг батлав

Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг батлав. 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эцэслэн хэлэлцсэн. Ингэхдээ, анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,  хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг боловсруулсныг дэмжсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Банкны систем сүүлийн гурван жилд өөрчлөгдсөн, эдийн засаг 6-8 хувиар өссөн, ажилгүйдэл буурч байгаа гэдгийг тодотгоод, Төвбанкны алдагдал гурван их наяд байсан бол 1.5 их наяд болж багассан байгааг онцоллоо. Мөн гадаад валютын нөөц 4 тэрбум болсон ч олон улсын аргачлалаар тооцоход, дахиад нэг тэрбумаар нэмэх шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн саарал жагсаалтын асуудалтай холбоотой ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтворгүй байгааг дурдаад, мөнгөний нийлүүлэлтэд анализ хийх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Үүнээс гадна өрийн асуудлыг анхаарч үзэх шаардлагатай байгааг тэмдэглээд чанаргүй зээл 1.9 их наяд болсныг тодотгов. Тиймээс 2020 оны мөнгөний бодлогод маш олон сорилт байгааг анхааруулав. Тэрбээр, "Сая баталсан төсвийн тухай хуульд, гадаад зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Энэ их хэмжээний өсөлт нь импортыг өдөөж магадгүй. Тэр нь ханшинд нөлөөлж, цаашлаад имфляцид нөлөөлөх магадлалтай. Үүнийг удирдах шаардлага үүссэн. Гадаад худалдааны хувьд, импорт 37 хувиар өссөн байхад экспорт 13 хувиар өссөн байна. Гадаад худалдааны маш зөв бодлого баримталж ажиллах ёстой" хэмээв. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, "Б.Баттөмөр гишүүний саналтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, "Бид олсон амжилтаа иргэдийн амьжиргаанд хүргэх нь учир дутагдалтай байна. Эдийн засаг сүүлийн гурван жилд тогтворжиж, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Гэсэн ч иргэдийн амьдралд шууд нөлөөлж чадахгүй байна" хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Хугацаа хэтэрсэн чанаргүй зээл нийт зээлийнхээ 10 хувьд тэнцэж байгааг тэмдэглээд, Зээл төлүүлэхэд ямар менежмент хийж ажиллаж байгааг нэмж тодруулав. Мөн тэрээр, Монгол төгрөгийн ханш 40 төгрөгөөр унасан байгааг тодотгоод, монгол төгрөгийн өгөөж ямар байгааг ажлын багаас лавлалаа.

Ажлын багаас, Монгол төгрөгийн өгөөж валютаас өндөр байгаа ч төгрөг долларын эсрэг харьцах харьцаа 4.2 хувиар суларч байгааг хэллээ. Харин банкны зээлийн хувьд, өнгөрсөн онд чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 11 хувь, 2016 онд 15 хувьтай байсан нь багасаж байна. Гэхдээ дорвитой багасахгүй байгаа шалтгаан нь шүүхийн шатанд зээл төлүүлэхэд маргаан үүсэж, олон жилийн хугацаа алдаж байгааг учирлав. Үүнд хууль эрхзүйн орчин шууд холбоотой гэдгийг тайлбарлалаа. 

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжив.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө