ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан

ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ээлжит мэдээллээ өгч байна. Өнөөдрийн байдлаар коронавирусээр өвчилсөн хүний тоо 45,057, нас барсан хүний тоо 1,115 хүрсэн бол эдгэсэн 4601 тохиолдол байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү сүүлийн өдрүүдэд илэрсэн сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуг ямар гарсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Гашуунсухайт боомтод илэрсэн 12 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ тэднийг 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлахаар боллоо" гэсэн юм.

Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулсан байна. Одоогоор хариу нь гараагүй байгаа аж. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна.

ХӨСҮТ-д байгаа лавлагаа лабораторитой адил түвшний лбаоратори улсын хэмжээнд дөрөв байгаа. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймагт байгаа эдгээр лабораториуд ХӨСҮТ-тэй адилхан шинжилгээг хийдэг. Одоо шинээр оношлуур ирэхээр эдгээр лабораториуддаа тарааж, халдварын сэжигтэй тохиолдлыг бүсчилсэн байдлаар оношилно" хэмээв.

Мөн албаныхан “Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарлах нөхцөл бүрдсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг дахин дахин хүсмээр байна" гэж хэлсэн юм.

Үүний хажуугаар архи, согтууруулах ундаа хэрэглсэн хэд хэдэн иргэн өөрийгөө халдварын голомтоос ирсэн хэмээн худал мэдээлэл тарааж ард иргэдийг сандаргасан тохиолдол гарсан. Тиймээс ийм ухамсаргүй үйлдэл гаргаж эмнэлэг болон цагдаагийн ажилтнуудад хүндрэл учруулахгүй байхыг хүссэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

16 минутын өмнө