Samsung, Hyundai, SK, LG компаниуд  коронавирусийн эсрэг тусламжийн аян өрнүүлж эхэлжээ

Samsung, Hyundai, SK, LG компаниуд  коронавирусийн эсрэг тусламжийн аян өрнүүлж эхэлжээ

Өмнөд Солонгос улсын “Samsung”, “Hyundai Motor”, “LG”  болон бусад компаниуд коронавирусийн халдвар эрчтэй тархаад буй энэ үед улс орноо дэмжих хүчин чармайлтаа нэмэгдүүлж, их хэмжээний хандив тусламж цуглуулан өдөр тутмын болон яаралтай тусламжийн хэрэгслээр иргэдийг хангаж эхэлжээ.

Тусламжийн ажил нь ихэвчлэн зүүн өмнөд хэсэгт байрлах Дэгу болон зэргэлдээх хойд Кёнсонг муж, коронавирусээр хамгийн их өртсөн бүс нутгийг чиглэж байгаа юм. Одоогийн байдлаар Дэгу, Хойд Кёнсонг мужийн 1338 хүн коронавирусийн халдвар авсан бол улсын хэмжээнд нийт коронавирусийн өвчлөлийн тоо 1595 болжээ.

“ОДОО НИЙГЭМТЭЙ ХУВААЛЦАХ ЦАГ БОЛЛОО”

Тус улсын хамгийн том үндэсний компани болох Samsung Group нь эмнэлгийн хэрэгсэл, бусад үйлчилгээ үзүүлэхэд туслах зорилгоор 30 тэрбум вон (24.6 сая доллар) хандивлажээ.

“Самсунг Электроникс”, “Samsung C&T”, “Samsung Life Insurance” зэрэг группийн удирдах зөвлөлийн гишүүд дээрх сэдвээр хэд хэдэн уулзалт хийсний дараа их хэмжээний хандив цуглуулахаар шийдсэнээ зарласан байна.

Samsung Electronics Vice Chairman Lee Jae-yong

Энэ үеэр тус группын удирдагч, Samsung Electronics-ийн дэд дарга Ли Жэ Ён "Одоо нийгэмтэй хуваалцах цаг боллоо. Самсунг хүмүүсийн дэмжлэгтэйгээр хөгжиж ирсэн. Бид ийм үед нийгэмтэй хуваалцах ёстой" гэж мэдэгдэлдээ дурджээ.

Цугларсан хандивыг “Найдвартай гүүр” хэмээх Солонгос улсын гамшгаас хамгаалах нийгэмлэгт хүлээлгэж өгөх юм.

Гванжугийн Бук-гу оффис дээр ажилладаг төрийн албан хаагчид пүрэв гаригт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа Дэгү хотод их хэмжээний амны хаалт бүхий хайрцагуудыг хүргэж өгчээ.

“Hyundai Motor” групп нь таван тэрбум воныг БНСУ-ын Гамшгаас хамгаалах нийгэмлэгт хандивлажээ. Энэхүү хандивыг халдварын эсрэг иж бүрдэл худалдан авах, бага орлоготой гэр бүл, эмнэлгийн ажилтнууд, тусгаарлагдсан хүмүүст зориулсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжихэд ашиглах юм байна.

Мөн Дэгу, Хойд Кёнсонг мужийн бага орлоготой гэр бүлд үйлчилдэг халамжийн байгууламжуудад хүнсний бүтээгдэхүүн, дулааны мэдрэгч төхөөрөмж, гар ариутгах хэрэгсэл, маск зэргийг хүргэх бөгөөд автомашины ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээг тээврийн хэрэгслүүдэд шуурхай хийж гүйцэтгэх юм.

Hyundai Motor Group Executive Vice Chairman Chung Euisun

“Hyundai Motor” группийн гүйцэтгэх захирал Чун Ейисун хэлэхдээ, энэхүү хандив тусламж нь шаргуу ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд болон халдваргүйжүүлэлтийн ажил эрхэлдэг хүмүүст шууд хүрэх болно” гэжээ.

“САМСУНГ ГРУПП” ХАЛДВАРЫН УЛМААС ҮҮССЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС
ХАМГААЛАХ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

Түүнчлэн “SK Group” нь вирусийн халдвар авсан Дэгү болон түүний хөрш зэргэлдээ орших коронавирусаар нэрвэгдсэн мужийн хүмүүст туслах зорилгоор БНСУ-ын Олон нийтийн санд таван тэрбум вон хандивлахаа зарласан бол Хойд Кёнсанг мужийн Гуми хотод төвлөрсөн “SK Siltron” буюу цахиурын талст үйлдвэрлэдэг компани нь 400 сая воныг амны хаалт болон гар ариутгах үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын хамгийн том ган үйлдвэрлэгч Хойд Кёнсанг мужийн Поханг хотод байрладаг “ПОСКО” компани таван тэрбум воны хандив цуглуулахаа зарласан бөгөөд “Lotte Group”, “GS”, “Доосан”, CJ группууд тус бүр нэг тэрбум вон санал болгожээ.

Мөн Солонгосын томоохон компаниуд нь коронавирусийн дэгдэлтэд хүчтэй өртөх магадлалтай туслан гүйцэтгэгч байгууллагуудад яаралтай хөрвөх чадварыг өгөх чиглэлээр ажиллаж байна.

Samsung Group нь туслан гүйцэтгэгч компаниудад яаралтай тусламж үзүүлэхээр 1 триллион вонын хөрөнгө босгосон бөгөөд тус группийн харьяа байгууллагууд мөн энэ сард нийлүүлэлт, худалдан авахад зориулж 1.6 их наяд воны урьдчилгаа төлбөрийг хийж, халдварын улмаас үүссэн эдийн засгийн аливаа хүндрэлээс хамгаалах чиглэлээр ажиллаж байна.

Мөн “LG Group” нь туслан гүйцэтгэгч компаниудад зөвлөх хөтөлбөр, 0 хувийн хүүтэй зээлийг санал болгож байна.

СПОРТЫН ОДУУД МӨН ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ ЭХЭЛЖЭЭ

Дэгү хотын уугуул, тэтгэвэрт гарсан Samsung Lions бейсболын тоглогч Ли Сэүн Юопын үүсгэн байгуулсан “Lee Seung-yuop” бейсболын сан нь халдварын эсрэг тэмцэж буй хүмүүст туслахын тулд тус сангийн үйл ажиллагааны хүрээнд 50 сая вон хандивласан гэжээ.

"Миний эх нутаг, төрөлх хот Дэгү маань бэрхшээлтэй тулгараад байгаад маш их харамсаж байна. Намайг бейсболын тоглогч байхад Дегугийн иргэд маш их хайрладаг байсан. Тиймээс би хандивын ажилд нэгдэхээр шийдсэн" гэж Ли хэлжээ.

Мөн Олимпийн алтан медальт, уран гулгагч Ким Юна ба түүний шүтэн бишрэгчид НҮБ-ын Хүүхдийн сангийн ЮНИСЕФ-т 108.5 сая вон хандивлалаа гэж “All All Sports” менежментийн компани мэдээллээ. "Энэхүү хувь нэмрийг Кимийн шүтэн бишрэгчдийн хандиваар бэлтгэсэн бөгөөд Ким өөрөө 100 сая вон хандивлажээ. Хандивыг Солонгос улсын ЮНИСЕФ-ээр дамжуулан “Kyungpook National University” эмнэлэгт хүргэх болно" гэж тус компаниас мэдэгджээ.

                                                                                 Эх сурвалж: Korea Times