З.Энхболд: "Надад нүүрсний машинууд байтугай суудлын тэрэг ч байхгүй"

З.Энхболд: "Надад нүүрсний машинууд байтугай суудлын тэрэг ч байхгүй"

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Төрийн ордонд өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "2018 оны зургаадугаар сарын 14-ний ҮАБЗ-ийн хурал, 2018 оны зургаадугаар сарын 20-29-ний долоо хоног дахь байнгын хороо, 29-ний чуулганаар Тавантолгойн IPO гаргах тухай номыг ашиглаж УИХ-ын гишүүд Тавантолгойг хувьчлах 73 дугаар тогтоолыг гаргасан юм. Тус номонд Тавантолгойг хувьчлах нь яагаад зөв бэ гэх агуулгатай олон зүйл бичигдсэн. Номны 120-122 дугаар хуудсан дээр хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгүүд бий. Конвейерийн систем 75 сая ам.доллар, олборлолтын техник, тоног төхөөрөмж 1.300 сая ам.доллар, хайгуул, судалгаа 150 сая ам.доллар, нүүрс баяжуулах үйлдвэр 500 гаруй сая ам.доллар, ус хангамж 150 сая ам.доллар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 орчим км төмөр зам 824 орчим сая ам.доллар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих төсөл 1.24 тэрбум орчим ам.доллар байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км орчим хатуу хучилттай авто зам, Тавнтолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын төсөл гэх мэт гурван замыг концессоор барина гэж байна. Түүнчлэн Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцыг нэг тэрбум ам.доллароор барина гэжээ. Д.Сумъяабазар ҮАБЗ-ийн гурван гишүүнд болон УИХ-ын гишүүдэд “5.2 тэрбум ам.доллар олно” гэж хэлээд 73 дугаар тогтоолыг батлуулсан. Тогтоолыг батлуулснаас хойш таван тэрбум 239 сая ам.доллар хэрэгтэй гэж байсан бөгөөд гурван тэрбум 364 сая ам.долларыг Тавантолгой өөрөө шийдсэн. Хамгийн түрүүнд 1.3 тэрбум ам.доллароор тоног төхөөрөмж авна гэж байсан. Үүнийг гэрээт олборлогч компаниуд улсаас нэг ч төгрөг авалгүйгээр хийсэн. Дараагийн 824 сая ам.доллар, нэг тэрбум 240 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван аргаар шийдсэн байна. Тухайлбал, 2018 оны татварын дараах цэвэр ашиг 807 тэрбум, 2019 оны ашиг 800 тэрбум, нүүрсээр төлбөр хийх замаар хоёр чиглэлийн нийт 654 км төмөр замын санхүүжилтыг шийдээд энэ жил нэг нь дуусна. Ирэх жил нөгөөх нь дуусна. Дээрх гурвын нийлбэр гурван тэрбум 364 сая ам.доллар. Одоо 875 сая ам.доллар дутуу байна. Үүнээс 500 сая ам.доллароор нүүрс угаах үйлдвэр барихыг би буруу гэж бодож байгаа. Яагаад гэхээр нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр нэг сая ам.доллар" гэсэн юм. 

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа өөр юм яриад,  АН-д очоод бас нэг өөр юм яриад байна л даа?

-Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно. ҮАБЗ, УИХ энэ номд хууртагдсан. "IPO гэдэг өмч хувьчлал биш. Хөрөнгийн бирж дээр гаргана" гэж Д.Сумъяабазар яриад байгаа юм. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Би Д.Сумъяабазартай бөх барилдвал дийлэхгүй. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Би хоёр жил АНУ-д номыг нь үзсэн. IPO гаргах дээр Д.Сумъяабазар надтай маргалдахаа болих хэрэгтэй. Энэ зүгээр л өмч хувьчлал. Би Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн хэлсэн. Нууцлаад байгаа тэр протоколоо ил болго. Тэнд нууц зүйл байхгүй. Миний өмнөөс тайлбар хийгээд л, З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэж байх шиг.

 "Страто" компанийг таны төрсөн дүү ажиллуулдаг юм биш үү?

-Надтай ямар ч хамаагүй. Би 30 гэр бүлийн технологийг хэлээд байна шүү дээ. Зүгээр л гүтгэчихдэг. Түүнийгээ хэдэн мянган сувгаар зэрэг явуулчихаар хүмүүс үнэн гэж ойлгодог. Түүн дотор нь үнэн юм нэг ч байхгүй. Гүтгэсэн хүмүүс одоо ял авна. Торгуулаад өнгөрдөг үе нь өнгөрсөн. Тийм учраас одоо ялтнаар гүтгүүлж байна. Миний тухай 1996 оноос хойш маш их материал гарна. Манай ах дүү, хамаатан садан өмч хувьчлалд оролцоогүй. Улсаас үнэгүй өгсөн байраа авсан. Одоо манай ээж тэр байрандаа амьдарч байгаа. Сонгууль бүрээр намайг гүтгэдэг. Тавантолгойн хувьчлалыг зогсооно гээд гараад ирэхэд гүтгэлэг идэвхжиж байна. Хэрвээ үнэн байсан бол би ял шийтгэлийг нь авахад бэлэн байгаа. Харамсалтай нь 24 жилийн турш ор үндэслэлгүйгээр гүтгэсэн. 30 гэр бол социализмын өмнө хайгуул хийсэн 150 орчим ордыг үнэгүй авсан. Энэ мэт хүмүүс энэ бүх гүтгэлийг гаргадаг, санхүүжүүлдэг, тараадаг. Удахгүй сонгууль болно. Юу ч хамаагүйгээр намайг гүтгэнэ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө