Хотын дарга “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч, шүүхийн байгууллагад асуудал гацжээ

Хотын дарга “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч, шүүхийн байгууллагад асуудал гацжээ

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс буюу Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХКомпани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,.6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг гарсан билээ.

Энэ компанийг Хотын дарга С.Амарсайханы дүү С.Уламбаяр удирддаг, түүний компани гэх мэдээлэл хэсэгтээ цацагдсан ч С.Амарсайхан дарга үүнийг үгүйсгэж, уг компанийн газар эзэмших эрхийг цуцалсан билээ.

Улмаар бургас хядсан асуудалд нь хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хааж, шийдвэрлэсэн нь хэвлэлээр олон нийтэд хүрч олны бухимдлыг төрүүлсэн байдаг.  Үүний дараа НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд таримал цэцэгтэй эсэргүүцэл зарлаж, НИТХ-ын МАН-ын төлөөлөгчдийн ширээн дээр цэцэг тавьж, бургасаа эргэж сэргээе гэх мэтээр улс төрийн акц хийсэн юм.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас уг компанид холбогдох хэргийг сэргээн, тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулхаар болжээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс уржигдар буюу зургадугаар сарын 13-ны өдөр Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажилласан.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна” гэсэн юм. Мөн тэрээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Зүүнбаян рефайнери” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд авсан тухай хэлсэн юм.

Гэвч шүүх дээр зарим асуудал тус компанийн талд гарсан. Иймд асуудал гацалтын байдалтай байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Одоо эцсийн шатны шүүхээр ямар хариу гарахаас шалтгаалж “Зүүнбаян рефайнери компанийн” балгас болон гацсан барилгыг нураах уу эсвэл аялал жуулчлалын зориулалтаар газрыг нь үргэлжлүүлэн ашиглуулах уу гэдэг шийдвэр эцсийн байдлаар шийдэгдэх юм. Иймд тусгай хамгаалалтын газрын удирдлагууд шүүх дээр гацсан асуудлыг харж хүлээж байгаа аж.

Одоогоор хотын даргын тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх хариулт албажин хэрэгжиж эхлээгүй бөгөөд өнгөлөн далдлалт, гал намжаах төдий зүйл хэвээр байгаа гэсэн үг юм.