Л.Энх-Амгалан сайд сарын өмнө “огт боломжгүй” гэж хэлж байсан хуулийн төслөө огцрохынхоо өмнөхөн “өргөн барина” гэж попров

Л.Энх-Амгалан сайд сарын өмнө “огт боломжгүй” гэж хэлж байсан хуулийн төслөө огцрохынхоо өмнөхөн “өргөн барина” гэж попров

Өнгөрсөн даваа гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төлсийг хэлэлцэж, “ дэмжихгүй” гэдэг байр суурийг УИХ-ын гишүүдийн олонх илэрхийлсэн тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцсон.

Улмаар дараагийн ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох ёстой бөгөөд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Түүнийг огцорсонд тооцсон учир Засгийн газар ч огцрох ёстой. Харин өчигдөр үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ үеэрээ тэд татварын багц хуулийн төслийн талаар хэлэлцсэн бөгөөд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн талаараа танилцуулав.

Тодруулбал, сүүлийн 30 гаруй жил иргэдийн хүлээж байсан татварын бодлогын шинэчлэлийг хамтарсан Засгийн газарт ажиллаж байх хугацаандаа өргөн бариагүй хэрнээ сүүлийнх байж болох өчигдрийн Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэж зарим шинэчлэлийг тусгаснаа танилцуулав. Тухайлбал, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хүртэлх хувийг хөнгөлөх, иргэний төлсөн НДШ-ээс дөрөв хүртэлх хувийг өөрийн нэр дээр нь хуримтлуулах, оюутан залуус болон ахмад настнууд ажил эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэргээр шинчэлэл хийхээр төлөвлөсөн гэнэ.

Энэ талаар Л.Энх-Амгалан сайд "Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажил олгогчдын төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс 2 хүртэлх хувийг хөнгөлөх, иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах заалтыг тусгасан" гэдгийг ярьсан.

Гэтэл үүнээс сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын санаачилсан "Нэг удаагийн ажлын хөлс, хөнгөлөлт урамшууллаас татвар авдгийг болиулж,  ажил олгогч ажилтныхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдгөөс чөлөөлөх зэрэг өөрчлөлтийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах" хуулийн төслийн талаар ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалан  “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ямар ч боломжгүй. НДШ-ийг 1 хувь бууруулах юм бол 265 тэрбумаар тасарна” хэмээн ярьж байлаа. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. “Ямар ч боломжгүй” гэж өөрийн амаар хэлж байсан ажлаа өөрөө өргөн барина гээд ярьж байх. Гэвч удахгүй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорно. Иймд дээрх хуулийн төсөл ажил хэрэг болох нь эргэлзээтэй. Үүнийгээ Засгийн газрынхан ч мэдэж байгаа. Гэтэл сарын өмнө өөрийн амаар "огт биелүүлэх боломжгүй" гэж ярьж байсан хуулийн төслөө өргөн барина гэж попрох нь хэр зохимжтой вэ.