ЦЕГ-аас оршин суугаа газраасаа алга болоод удаж байгаа иргэдийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр "643 эмэгтэй сураггүй алга болсон, эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархах боллоо. Цагдаагийн байгууллагын цахим сайтад эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл ерөнхий байдлаар ордог. Гэтэл үүнийг дотор нь ангилж үзвэл олон төрөл бий. Тухайлбал, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн, иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан хүн зэрэг сурвалжилж буй төрөл нь өөр. Уг 600 орчим хүний мэдээллийг бид нягталж үзсэн. Үүнээс 590 орчим нь шүүхийн даалгавраар буюу иргэний хэрэгт хариуцагчаар эрэн сурвалжилж буй хүмүүс байгаа юм. Бүгд оршин суугаа газраасаа алга болсон эмэгтэйчүүд гэсэн үг биш. Дэлгэрүүлэн мэдээлэхэд, сураггүй алга болсон иргэдийн бүртгэлийг тооцож үзэхэд хоёр ба түүнээс дээш удаа алга болсон 301 хүн байна. Харин хүүхдийн хувьд дөрвөөс долоон удаа алга болсон 23 хүүхэд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэртээ тогтмол байдаггүй, гарч яваад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг тохиолдлууд юм. Энэ бол тоон үзүүлэлтийг өсгөж байгаа нэг хүчин зүйл. Ийм бүртгэлүүд нэгдсэн санд орсноор нийт тоо өндөр харагддаг. Түүнээс биш ийм их хэмжээгээр хүн сураггүй алга болсон асуудал байхгүй" гэв.