МАН-ын Удирдах зөвлөл яг одоо /2025.06.06/ хуралдах гэж байна. Энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж байгаа. Энэ хурлаар намын Бага хурал хэзээ хуралдах вэ гэдгийг товлох болов уу. Хоёрт, хэн нэгэн хүний нэрийг ярихаас өмнө шинэ Засгийн газрын өмнө ямар асуудал тулгарч, шийдэх ёстой вэ гэдгийг ярих болов уу гэж бодож байна. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн, экспортын орлого унасан байна. Улсын төсвийн орлого бүрдэхгүй, дутагдаж байна. Тэгэхээр улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан ажлууд, хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй болсон байна. Валютын нөөц буурч, ханшийг хүчээр барьж байна. Гол тулгуур болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудлаас гадна нийгэмд бий болсон шударга бус байдлын асуудал тулгамдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүн биш хууль засаглана" гэж хэлсэн.
Энэ зүйл орхигдож, өнгө үзэмжээр асуудал хэмжигддэг болсон. Энэ бүгдээс эхлээд хэлэлцсэний дараагаар хүнээ ярих болов уу. Миний хувьд улс төрийн идэвхгүй байдалд байгаа хүн. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүн учраас улс төрөөс явахгүй.
Олон улсын нөхцөл байдлууд тодорхой биш байгаа учраас олон талаас улс орныхоо талаар ярилцах ёстой болов уу. Манай нам зөрчил гарвал ярилцаад, шийдээд явчихдаг. Дээр нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад талцаж, зөрчилдөөд эцэстээ хэн хожих вэ. Тэрийгээ хэлэлцэж, ноён нуруу гарган хуулиад дээдлэх ёстой. Надад Ерөнхий сайдад нэр дэвших санал тавихгүй гэж бодож байгаа. Шинэ Засгийн газар УИХ дотроосоо явах нь зөв болов уу. Сайн ажилласан сайд гэж харагдахгүй байна. Хамгийн гол нь намын эв нэгдэл чухал. Нэг жил орчим гаднаас нь улс төрийн нөхцөл байдлыг ажиглалаа. Эвтэй байх нь чухал" гэсэн юм.