Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн тансаг хэрэглээ ил болж иргэдийн бухимдал, дургүйцлийг өдөөсөн. Харин Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээж “ажлаас чөлөөлөгдөх өргөдөл”-өө өөрөө гаргаад УИХ-ын чуулганд оролцож буй гишүүдийн “ердийн олонх”-ийн саналаар бууж болох байсан ч, тэрбээр Үндсэн хуульд заасан “итгэл хүлээлгэх” зохицуулалтаар УИХ-ын 64 гишүүний дэмжлэгийг авах гээд “чадалгүй” энэ долоо хоногт огцорлоо.
-Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА “СҮҮДЭРТ ОРШДОГ” УУ-
МАН-ын Бага хурлаас “АН-ыг хамтарсан Засгийн газраас хасах” шийдвэрийг гаргаж, улмаар “гэрээгээ зөрчсөн” хэмээн тус намыг шүүмжлүүлсний хариуд УИХ дахь АН-ын бүлэг “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх” санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэсэн.
Гэтэл “эмнэлгийн чөлөөтэй” гээд УИХ-ын чуулганы хуралдаа огт суухгүй байсан Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх” эсэх санал хураалтын өмнөхөн гэнэт Төрийн ордонд гүйж ирээд, АН-ын бүлгийн зарим гишүүдтэй уулзаж, магадгүй “бүлгийн шийдвэрээ сөрж, Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх санал асуулгад оролцож, түүний талд кнопоо дар” гэсэн нь Л.Оюун-Эрдэнэ ёстой л “гай болно" гээч боллоо.
ВИДЕО: Х.Баттулга Төрийн ордонд ирж, сэтгүүлчдээс зугтав
Учир нь Х.Баттулгыг Төрийн ордонд ирсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр энэ үеэрээ Х.Баттулга, С.Ганбаатар нарт хандаж, “Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныханд 50 сая воноор арилжаагүй. Таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй. Намаа солиогүй. Намынхаа нөхдөөс урваагүй. Би эх орондоо хайртай” гэж мэдэгдсэн юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад би их харамсаж байна. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Надаас биш Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй” гэсэн юм.
ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг
Харин “эмнэлгийн чөлөө”-нөөс гэнэт л Төрийн ордонд гүйж ирсэн Х.Баттулга УИХ-ын чуулганы танхим руу шагайхгүйгээр, хамгаалагч нарынхаа ард нуугдаж байгаад төрийн ордноос гарч одсон юм.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамтын ажиллаагүй гэдгээ ойлгуулахын тулд, “би Х.Баттулгын бодлогыг дэмждэг байсан бол 6 жилд нэг удаа гэдэг заалтыг сөрөн сөрөн хийхгүй байсан” хэмээн мэдэгдэж, мөн Л.Гантөмөртэй уулзах үеэрээ, “Х.Баттулга болон Ц.Элбэгдоржийг дэвшүүлэхгүй шүү, жагсаалтад оруулахгүй шүү гэж ярьсан” тухайгаа ч ярьж Х. Баттулгатай хамтын ажиллагаа байхгүй гэдгээ ойлгуулах гэж ихээхэн хичээсэн. Гэсэн хэдий ч тэдний улс төрийн харилцаа шууд түншлэлээс илүүтэйгээр “сүүдэрт оршдог” гэдгийг илтгэх мэт эмнэлгийн чөлөөтэй байсан Х.Баттулгын төрийн ордонд гүйж ирсэн нь Л.Оюун-Эрдэнэд ёстой гай болсон гэхэд болно.
-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАСАН Х.БАТТУЛГА ХУВИЙН ТУСЛАХАА ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА БОЛГОСОН УУ-
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Женкогийн Засгийн газар нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна. Улс орныг 15 давхраас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж байсан нь зүгээр ч нэг үг биш бололтой.
Сануулахад, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөрийн орон тооны бус зөвлөхөөр томилсон” гэсэн мэдээлэл гарч байв. Энэ томилгоо нь спортыг дэмжих зорилготой байсан бөгөөд олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байсан гэдэг. Гэвч 2022 оны 4-р сард Х.Баттулга Ардчилсан намын даргад нэр дэвшихээр болсонтой холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ түүнийг зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн гэдэг.
Харин Х.Баттулгын ойрын туслах Б.Саруул энэ оны 1-р сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон байдаг. Түүнийг томилгоо АН-аар дамжаагүй гэдэг бөгөөд Х.Баттулга болоод түүний багийн хүмүүс энэхүү томилгооны “тохируулга”-ыг Л.Оюун-Эрдэнэд хийсэн гэдэг.
Мөн 2018 оны сүүлчээс 2019 оны эхэн хүртэл үргэлжилсэн “МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” нэртэй УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах зорилготой жагсаалыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар манлайлж, удирдаж оролцсоноор тэд өнөөдрийн албан тушаалын өндөрлөгт хүрсэн. Харин тэр жагсаалын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах хуулийн төслийг өргөн барьж, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд дэмжлэг үзүүлж байсан юм.