Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох МАН-ын Бага хурлын санал хураалт эхэлжээ

2025-06-09 19:18

Бага хурлын гишүүдийн 67 хувийн саналаар Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ

МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхын саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, 100 хувийн саналаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Улмаар Бага хурал руу түүний нэрийг оруулсан бөгөөд заалнаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байсан. Улмаар нэр дэвшигч Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас Бага хурлын 39 гишүүн асуулт асууж, хариулт авсанаар санал хураалтыг нууцаар явуулж, Бага хурлын гишүүдийн 67 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.

2025-06-09 18:09

Б.Батцэцэг: Хоёр нэр дэвшигч хоёулаа дангаараа засаглаж, төсөвт тодотгол хийж, бүтцээ багасгана гэсэн

МАН-ын Бага хурал яг одоо хуралдаж байна. Уг хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох юм. МАН-ын Удирдах зөвлөл өглөө хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Мөн заалнаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийгөө нэр дэвшүүлсэн. Яг одоо санал хураалт явагдаж байгаа юм. 

Энэ үеэр ГХ-ны сайд Б.Батцэцэгээс байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, “Г.Занданшатар дарга эрх зүйн хувьд дангаараа засаглах, намын гишүүдийнхээ хүсэлтийг харгалзана гэсэн зүйлийг ярьсан. Мөн хоёр нэр дэвшигчид хоёул төсөвт тодотгол хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхий сайд танхимаа яаж бүрдүүлэх талаар олон санал гарсан. Ямар сайд тавихаа яриагүй. Миний хувьд санал тавибал ажлаа үргүүлжлүүлээд хийнэ. Ажлаа өг гэвэл өгөх гээд бэлдчихсэн байгаа. Г.Занданшатар даргын хувьд сонгуульд ялж, ялагдаж үзсэн хүн. Сонгогдоогүй, гишүүн биш гэдэг нь Г.Занданшатар даргын хувьд харгалзан үзээд байх шалтгаан биш гэж бодож байна. Олон удаа сонгогдож, хоёр удаа парламентын даргаар, хоёр удаа сайдаар ажиллаж байсан, туршлага мэдлэг, боловсрол зэргээр асуудал байхгүй. Шууд ажлаа хийх боломжтой хүн. Г.Тэмүүлэн гишүүний хувьд ч эдийн засагч, дипломатч хүн. Түүнийг дэмжиж байгаа олон залуус байсан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 17:51

М.Оюунчимэг: Ерөнхий сайдад гурван хүнийг нэр дэвшүүлснээс нэг нь нэрээ татаад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураалт явуулж байна

МАН-ын Бага хурал яг одоо хуралдаж байна. Уг хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох юм. МАН-ын Удирдах зөвлөл өглөө хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Мөн заалнаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийгөө нэр дэвшүүлсэн. Яг одоо санал хураалт явагдаж байгаа юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, "Бага хурлын үеэр Г.Тэмүүлэн гишүүн өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Нийт гурван хүнийг нэр дэвшүүлсэн байсан. Нэг нь нэрээ татаад одоо хоёр хүн дээр санал хураалт явуулах гэж байна. Бага хурлын гишүүд багцлагдсан зүйл огт байхгүй. Бага хурлын 39 хүн асуулт асууж, тэр бүрт нь нэр дэвшигчид хариулт өглөө. Бага хурал өмнө нь АН-тай хамтрахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэр шийдвэр хэвээр байгаа. Б.Амарбаясгалан дарга парламентад хийх ажил их байгаа учраас, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад энэ ажлаа л хийх нь зүйтэй гэж үзээд нэрээ татсан. Гишүүд гол нь эдийн засгийг их ярьж байна. Иргэдийн нуруун дээрх татварын ачаалал зэргийг бууруулах асуудлаар бодит хариулт өгсөн. Намын даргын асуудал хурал дээр огт яригдаагүй" гэлээ. 

2025-06-09 17:11

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох МАН-ын Бага хурлын санал хураалт эхэлжээ

МАН-ын Бага хурал яг одоо хуралдаж байна. Уг хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох юм. МАН-ын Удирдах зөвлөл өглөө хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. 

Мөн Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг заалнаас дэвшүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл дөнгөж сая МАН-ын Бага хурлын санал хураалт эхэлжээ. Сонирхуулахад, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилогдсон тохиолдолд УИХ-ын гишүүн биш хүн гүйцэтгэх байгууллагыг удирдах нь. Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд 1 дүгээр тойрогт өрсөлдөөд ялагдсан билээ. 

2025-06-09 13:52

Б.Энхбаяр: Нууцаар санал хураах учир Г.Занданшатарыг дэмжиж байгаа эсэхээ хэлэх боломжгүй

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн. Улмаар МАН-ын Бага хурлаар нэрийг оруулах бөгөөд тун удахгүй Бага хурал эхлэх гэж байна. 

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, "Сүүлийн сар гаруйн хугацаанд яам тамгын газрын ажил зогсчихлоо. Уг нь саадгүй явах ёстой. Мөн Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах хэрэгтэй. Бүх иргэн байгууллагын үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж Үндсэн хууль дуудсаг. Бүх байгууллага дотор хувь хүн ч, улс төрч ч, нам ч, төр ч орно. Нууцаар санал хураах учир Г.Занданшатарыг дэмжиж байгаа эсэхээ хэлэх боломжгүй” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 13:47

МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг, Бага хурлын зарим төлөөлөгчид Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Өнөөдөр /2026.06.09/ хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Тэгвэл яг одоо МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Г.Занданшатарын нэрийг хэлэлцэж байна. Харин бага хурлын зарим төлөөлөгчдөөс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байна. Удахгүй санал хураалтын дүн гарна. 

2025-06-09 13:39

Ч.Ундрам: Намайг Засагт оруулж ажиллуулах асуудал огт яригдаагүй

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн. Улмаар МАН-ын Бага хурлаар нэрийг оруулах бөгөөд тун удахгүй Бага хурал эхлэх гэж байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, "Манай нам бодлогоо дагадаг нам. Дангаараа засаг байгуулах нь илүү зөв гэж бодож байгаа. Бүр болохгүй бол эсрэг үзэл баримтлалтай намтай бус ижил төстэй үзэл баримтлалтай намуудтай хамтрах нь зөв гэж бодож байна. Намайг Засагт орж ажиллах талаар огт яригдаагүй байгаа. Засагт орж ажиллах эсэх талаар бодсон зүйл алга" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 13:30

С.Мөнхчулуун: Засаг төр тогтворгүй байгаа энэ үед бусад намуудтайгаа учраа олоод явж чадах хүн Ерөнхий сайд болох ёстой

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн. Улмаар МАН-ын Бага хурлаар нэрийг оруулах бөгөөд тун удахгүй Бага хурал эхлэх гэж байна. 

Уг асуудалтай холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Өнөөгийн нөхцөл байдал амаргүй, засаг төр тогтворгүй байна. Тэгэхээр улс төрд туршлагатай хүн байгаасай гэж хүсэж байна. Бас бусад намуудтайгаа учраа олоод явах хүн байх ёстой байх" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 12:47

МАН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.06.09/ болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгоно. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Энэ талаар МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар, "Эдийн засгийн амаргүй цаг үе, МАН-ынхаа даргыг огцруулсан байгаа энэ үед МАН-ынхаа эв нэгдлийг хангаад явах хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзээд, урьд нь УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжлээ" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 12:25

Л.Тэрбишдагва: Бүлэглэлд ордоггүй, дангаараа засаглах хүнийг Ерөнхий сайдад дэмжинэ

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.06.09/ болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгоно. МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Тэрбишдагвын байр суурийг тодрууллаа. Тэрбээр, "Ардчилсан нийгэмд хоорондоо зөрчилтэй асуудал багагүй байдаг. Үүнийг ялан дийлэх ёстой. Би өмнө нь хэлж байсан. Хуулиа баримтлах ёстой гэж. Хуулиа барьж чадаагүй учраас засгийн газар огцорчихлоо шүү дээ. Парламентын хууль, үндсэн хуулиа хэрэгжүүлж, Засгийн газраа дангаараа байгуулах, намынхаа гишүүддээ итгэх ёстой гэх байр суурийг би илэрхийлнэ.

Олон хүний нэр Ерөнхий сайдад яригдаж байна. МАН-ын Бага хуралд оруулж ирэх нэрсийг эхлээд харна. Г.Занданшатарын нэр орж ирэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Тойрогт ялж чадаагүй, УИХ-ын гишүүн биш хүн Ерөнхий сайд болсон хоёр тохиолдол байдаг. Нэг нь 2004 онд Ц.Элбэгдорж, 2007 онд С.Баяр хоёр хүн УИХ-ын гишүүн биш байхдаа Ерөнхий сайд болж байсан. Хэний нэр орж ирэхийг би сайн мэдэхгүй байна. Нэгдүгээрт олигарх бүлэглэлд хамаараагүй, хуулиа ягштал биелүүлдэг хүн л байх ёстой. Одоогийн байдлаар УИХ-ыг хоёр удаа удирдсан Г,Занданшатарыг би үнэлдэг. Айхтар гаднын бүлэглэлд хамаараагүй хүн гэж үзэж байгаа” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 12:04

М.Билэгт: Г.Занданшатар гэх хүнийг их уншдаг, юмыг бодож, зохицуулахдаа сайн хүн болов уу гэж хардаг

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.06.09/ болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэшигчийг сонгоно. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая эхэлсэн. 

Иймд МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг дагана гэсэн байр суурьтай байна. Манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа. Ийм цаг үед эдийн засгийг өөд нь татаж чадах, тэр тусмаа 126 гишүүнтэй том парламенттай ойлголцож  чадах хэмжээний нэлээд туршлагатай нэр дэвшигч Ерөнхий сайдад нэр дэвшээсэй гэж хүсэж байна. Мөн иргэдийг ажилтай, орлоготой болгох хүн хэрэгтэй байгаа. Г.Занданшатар гэх хүнийг 20 гаруй жил харж байхад улс төрийн туршлагатай, эв эеийг олох зүйлийг сайн хийж чадах байх. Түүний хувьд их сайн уншдаг, юмыг бодож, зохицуулахдаа сайн хүн болов уу гэж хардаг. Манай намд Ерөнхий сайд хийх хэмжээний хүмүүс олон байгаа. Удирдах зөвлөл олон талаас нь ярилцаж, олон талаас харж, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж байгаа байх” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

2025-06-09 11:43

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

Өнөөдөр /2025.06.09/ өглөө МАН-ын Уирдах зөвлөлийн хурал 09:00 цагт товлогдсон ч хойшилсоор дөнгөж сая эхэллээ.

ШУУД:

Тодруулбал,  Ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 09:00 цагт эхлэх байсан Удирдах зөвлөлийн хурал хойшлоод байсан бөгөөд ирц бүрдсэнээр дөнгөж сая УЗ хуралдаж эхэллээ. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр танилцуулгыг нь бэлдэж байгаа аж. Түүнийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжвэл үргэлжлүүлэн Бага хурлаар хэлэлцэж дэмжих эсэхийг шийдвэрлэх юм. 

2025-06-09 11:37

П.Анужин: Л.Оюун-Эрдэнэ сайдыг сайн ажилласан гэж үзэж байгаа

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.06.09/ болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэшигчийг сонгоно. Харин яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан П.Анужингаас байр суурийг нь тодруулахад, “Ерөнхий сайдыг сонгох амаргүй цаг үед МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдах гэж байна. Энэ удаагийн Ерөнхий сайдад нийгмийн хүлээлт өндөр байгаа. Мөн Ерөнхий сайдад нэн тэргүүнд тавих шаардлага бол бүх ард түмний эв нэгдлийг хангасан, МАН-ын гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн, парламентад суудалтай намуудын эв нэгдлийг хангаж чадах хэмжээний ерөнхий сайд сонгогдох зайлшгүй шаардлага байна. Л.Оюун-Эрдэнэ сайдыг сайн байсан гэж үзэж байгаа. Учир нь эв нэгдэл, төрийн тогтвортой бодлого бол гадаад орчинд маш чухал асуудал. Монгол Улсын эдийн засгийг, хөгжлийг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Сүүлийн 30 жил хөгжлийг гацаасан гэж хэлж болохуйц, хөгжлийн гол тулгуур болсон  томоохон төслүүд урагшилсан нь үр дүн гэж үзэж байгаа" гэлээ. 

2025-06-09 11:05

Өглөө 09.00 цагт товлогдсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна

Өглөө 09.00 цагт товлогдсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй байна. Ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү эхлэхгүй байгаа аж. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр танилцуулгыг нь бэлдэж байгаа аж. Түүнийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжвэл үргэлжлүүлэн Бага хурлаар хэлэлцэж дэмжих эсэхийг шийдвэрлэх юм. 

2025-06-09 10:10

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж яригдаж байна

Өнөөдөр /2025.06.09/ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал зарлагдаад байна. МАН-ын энэхүү бүтцийн хурлаар дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэхийг тодруулах юм. Тэгвэл удахгүй хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.

Сонирхуулахад, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэгийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байсан ч, эцсийн мөчид МАН-ын удирдлагууд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байж магадгүй байна. Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилогдсон тохиолдолд УИХ-ын гишүүн биш хүн гүйцэтгэх байгууллагыг удирдах нь. Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд 1 дүгээр тойрогт өрсөлдөөд ялагдсан билээ.