Стандартчилал тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ

Стандартчилал тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн \2025.06.10\ хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид стандартыг батлан хэрэгжүүлэхээр заасан 71 хууль, нийт 6,733 стандарт байгаа ч түүнийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх, хянах тогтолцооны нэг хэсэг нь олон улсын шаардлагад нийцсэн лаборатори боловч өнөөгийн байдлаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сорилтын лабораториудын барилга, байгууламж, хүчин чадал, тоног төхөөрөмж, урвалж бодисын хангалт, хүний нөөцийн чадавх муу байгаагаас бүх салбарын лабораторийн бодлого, тогтолцоо алдагдаж, стандартын хэрэгжилт алдагдахад хүрсэн.
 
Стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан салбар, салбарын шилдэг технологи, инновацын шинэчлэлтийг нэвтрүүлж, хяналт зохицуулалтын тогтолцоог сайжруулж, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дагаж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэж байна.