МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлээд байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Энэ үеэд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авлаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Монгол Улс ямар түвшинд яаж явж байгааг олон улсын байгууллагууд үнэлээд байна. Зөвхөн сөрөг хүчин үнэлээд байгаа юм биш. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2015 онд 54 дүгээр байранд байдаг байсан боловч одоо 109 дүгээр байранд орсон байна. Авлигын индекс 2015 онд 72 дугаар байранд байсан бол одоо 121 дүгээр байранд очсон байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Өнөөгийн нийгэм иргэдэд ээлтэй байна уу, дарга нарт ээлтэй байна уу гэхээр 230 мянга орчим төрийн алба хаагчдын 20 орчим мянга нь дарга сэтэртэй байна. Тэгэхээр та дарга сэтэртэй орон тоонууд цөөлөх тал дээр ажил хийх үү. 1996-2000 онд Ардчилсан нам засаг барьж байхдаа есөн яамтай, Ерөнхий сайдаа оруулаад үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед улстөр, эдийн засгийн чухал реформуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Тэгэхээр та төрийн албыг цомхон болгох, дарга сэтэртэнгүүдийг цөөлөх, төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох, хувьчлах Төрд байгаа асар их хөрөнгүүдийг зарах гэх мэт дорвитой өөрчлөлтүүдийг хийж чадах уу. Хамгийн ноцтой нь Монгол Улс өнөөдөр сонгуультай авторитар дэглэмд орсон байна гэдэг олон улсын байгууллагын дүгнэлт гарчихаад байна. Манай улс дүр эсгэсэн сонгуультай, ардчилсан бус орон болчихлоо. Энэ маш ноцтой нөхцөлийг та юу гэж харж байна вэ. Өнөөдөр 100 мянган иргэн долоо хоногийн дотор ХХОАТ-ыг нэг хувь болго гээд санал өгсөн байгаа. УИХ-ын гишүүд үүн дээр хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Засгийн газар үүнийг дэмжээгүй. Ард иргэдээс ирж буй энэ саналуудад та хэрхэн хариу өгөх вэ.
-Г.ЗАНДАНШАТАР: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКС БУУРСАН НЬ УЛСТӨРЧИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭЗЭМШДЭГ БОЛСОНТОЙ ХОЛБООТОЙ-
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол парламентын ардчиллыг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тийм учраас өрсөлдөөнт ардчиллын тогтолцоог бэхжүүлэхийн тулд бид нэг нам давамгайлсан бус олон намын оролцоотой, жендерийн тэгш байдлыг илүү хангасан ийм сонгуулийн тогтолцоог баталсан. Ийм учраас өнөөдөр парламентын ардчилал урагшаа алхаад явж байгаа. Жендерийн хувьд 32 эмэгтэй гишүүнтэй болсныг ахиц гэж харж байна. Төрийн албыг цомхон чадварлаг болгох ёстой. Хиймэл оюун ухаан ашиглаж төрийн албыг цомхотгох реформ эхлүүлэхийг зорьж байна. Авлига, хэвлэл мэдээлийн хэрэгслийн индекс өнгөрсөн хугацаанд өгсөж уруудсан.
Хэвлэлийн эрх чөлөөний индекс буурсан нь улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшдэгтэй холбоотой гэсэн дүгнэлт бий. Үүн дээр хуулийн зохицуулалт шаардлагатай гэж харж байна.
Төрийн өмчийн компаниудын тоог хоёр дахин бууруулах, олон нийтийн болгох гэх мэт илүү үр өгөөжтэй, ард түмэнд нээлттэй болгох тал дээр төрийн өмчийн реформ хийнэ гэж бодож байгаа. 100 мянган иргэний саналыг харгалзаж шийдвэр гаргах эрх УИХ-д хадгалагдсаар байх болно. Ард түмнээ сонссдог, нээлттэй байхын тулд D-parliament-ийг санаачилсан. Би ярьдаг биш хийдэг, үнэнтэй тулдаг Ерөнхий сайд байхыг зорьж байгаа тул амлалт өгөхөөс зайлсхийж байна.