Г.Занданшатар: Төгрөг нуурын ордыг шалгаж, Үндэсний баялгийн санд авах ажлыг эрхэм болгоно

Г.Занданшатар: Төгрөг нуурын ордыг шалгаж, Үндэсний баялгийн санд авах ажлыг эрхэм болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.12/ хурлаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, "Гадаад бодлогын асуудал маш тодорхой. УИХ-аар батлагдсан үзэл баримтлалыг Засгийн газар хэрэгжүүлж ажиллана. Өнөөгийн нөхцөл байдал маш ойлгомжгүй байгаа. Тийм учраас монгол хүн бүр сөрөн тэсвэрлэх чадвартай байх хэрэгтэй байна. Ард түмний хэтэвчийг тэмтрэх бус төрийн үрэлгэн зардлаа багасгаж бүсээ чангалах шийдлийг би сонгоно. Хоёрдугаарт ураны асуудлыг байгаль орчны ТББ-уудтай уулзаж ярилцаж байсан. Энэ асуудал дээр экологид үзүүлэх нөлөөллийг нь хянаж, үнэлж дүгнээд үүн дээрээ үндэслэж хамтын дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн шинэ засгийн газар бүрдүүлбэл бүтэц бүрэлдэхүүний хуулиа өргөн барьж батлуулсны дараа түүнтэйгээ уялдуулан мөрийн хөтөлбөрийн асуудлаа танилцуулна. Бүсчилсэн хөгжлийн асуудал ч тэр. Ер нь хот хөдөөгийн ялгааг багасгах асуудал бол орон нутгийн хөрөнгө оруулалт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэр аялал жуулчлал хөгжүүлэх зэрэг нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой цогцоороо уялдаж хэрэгжих ёстой. Мөн саяны гуравдугаар ЦС дээр болсон дэлбэрэлтийг хянаж шалгаж байгаа. Стратегийн ордууд дээр ч миний баримталж байгаа байр суурь тодорхой. Үндэсний баялгийн сангийн хуулийг мөрдүүлж ажиллана. Тухайлбал Төгрөг нуурын ордыг Салхитын мөнгөний орд шиг хууль зөрчсөн үйлдэл болгоныг ил тод болгож улсын мэдэлд Үндэсний баялгийн сандаа авах зарчмыг эрхэм болгоно" гэлээ.