Монгол эрдэмтэд коронавирусийн оношлуур гарган авчээ

Монгол эрдэмтэд коронавирусийн оношлуур гарган авчээ

Коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн судалгааны үр дүнгээ танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийхэн, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн монгол эрдэмтэд багтсан бөгөөд “Ковид-19”-ийн PCR шинжилгээнд ашигладаг оношлуурын бүрдэлд багтах чухал хэсгийг Монголдоо үйлдвэрлэж, туршихад вирустэй болон халдваргүй сорьцыг 100 хувь “таньсан” байна. Манайхны гарган авсан оношлуур нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, шинэ вирусийн бусад оношлуур ихэнхдээ хоёр шатлалтай, эхний шатанд коронавирусийн бүлгийг, дараагийнхад нь “Ковид- 19”-ийг ялган оношилдог бол манайх нэг удаагийн тестээр илрүүлдэг өвөрмөц, мэдрэг чанар өндөртэй юм байна. Түүнчлэн хуурамч хариу гарахаас сэргийлсэн бүрдлүүдтэй тул шинжилгээг давтан хийх шаардлагагүй аж.

Манайд одоо ашиглаж буй оношлуурын хариу нь дунджаар таван цагийн дараа гардаг бол шинэ нь үүнд хоёр цаг л зарцуулах гэнэ. Эмнэлгүүдэд өргөн ашигладаг Герман, Япон, БНХАУ-ын оношилгооны төхөөрөмжүүдэд бүгдэд нь таарах бөгөөд аргачлал нь ч хялбар гэсэн. Хамгийн гол нь нэг хүнийг оношлох одоогийн зардлыг бууруулна гэдгийг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Ганзориг хэлэв. Оношлуурыг бүтээхэд ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч Д.Нямбаяр, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар нар голлох үүрэг гүйцэтгэжээ.