“Акуа Гарден”-ы газрын захирамжийн зарим хэсгийг хууль бус гэж тогтоосон ч цахилгаанд холбогдож, айлууд тавилгаа угсруулан, тагтандаа эд зүйлсээ байрлуулжээ

“Акуа Гарден”-ы газрын захирамжийн зарим хэсгийг хууль бус гэж тогтоосон ч цахилгаанд холбогдож, айлууд тавилгаа угсруулан, тагтандаа эд зүйлсээ байрлуулжээ

Улсын дээд шүүх энэ сарын 11-нд “Акуа Гарден” хотхоны газрын маргааныг хяналтын шатанд хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн зарим хэсгийг хууль бус байсныг тогтоосон. Тодруулбал, Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцсан газрын гурван нэгж талбарын холбогдох хэсгийг хууль бус гэж үзжээ.

Ингэснээр анх ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 11.8 га газрын зориулалтыг өөрчилсөн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамж Усны тухай хуулийг зөрчсөн болохыг шүүх дүгнэсэн байна.

Тэгвэл шүүхийн маргаан үргэлжилж буй “Авлига хороолол” гэх тодотголтой “Акуа Гарден” хотхонд өнөөдөр ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. Энд байр захиалсан иргэд байрандаа орсон уу. Эдгээр асуултад хариулт авахаар бид тус хорооллыг зорилоо.  Харамсалтай нь, харуул нь биднийг дотогш орохыг зөвшөөрөөгүй юм. Учир нь энд зөвхөн захиалгын гэрээтэй хүмүүсийг нэвтрүүлэх ба ингэхдээ заавал овог нэр зэрэг мэдээллийг нь бичиж авдаг гэнэ. Ингээд бид дотогш орж чадахгүй ч хашааг нь тойрч алхлаа. Ингэхэд тус байрны нэлээдгүй хэдэн цонх онгорхой байхын дээр, зарим айл нь тагтан дээрээ эд зүйлсээ овоолсон, бүр хөшиг татсан айл ч байлаа. Тэр ч байтугай анх усан парк барина хэмээж байсан тус хотхон гэрэлтэй болж, улсын комисс хүлээж авлаа л бол айлуудаа хүлээж авахад бэлэн болжээ.

Бид хорооллын үүдэнд эргэж очоод, харуулыг нь царайчилж хэсэг зогсоход энэ хашаагаар машинууд орж гарсаар л байх аж. Эдгээрийн дунд, Мобикомоос кабелийн утас суурилуулахаар явж байна, айлд тавилга угсарч байгаа, үйлчилгээний талбай түрээслэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэх хүн ч байсан юм. Ингээд бид “Акуа Гарден” хотхонд байр захиалсан иргэдийн фейсбүүк группийг үзэхэд байр худалдах, худалдан авах зарууд нэлээд нийтлэг байв. Зарим байрны нэг метр квадратын үнийг 6-7 сая төгрөгөөр үнэлжээ. Үүний дараа бид байр худалдахаар зар байршуулсан нэгэн иргэнтэй холбогдож, хотхоны өнөөгийн нөхцөл байдлыг тодруулахад “Айлууд байрандаа арай л ороогүй байгаа. Одоогоор тавилгаа хийлгээд л байж байгаа. Компаниас бидэнд төмөр замын талын байрнууд шүүхийн шийдвэрт хамаагүй, удахгүй айлуудаа оруулна гэсэн мэдээллийг өгсөн.  Усан паркийн тухайд нийслэлээс газрыг нь зараад идчихсэн юм биш үү” хэмээн ярилаа. 

Мөн  тус хотхонд байр захиалсан өөр нэг иргэнтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.  Тэрбээр 2023 онд анх захиалга авч эхлэхэд нь байр захиалсан ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байгаа аж. Тэрбээр “Би 2023 онд анх захиалга авч эхлэхэд нь байр захиалсан. Тухайн үед усан парк барина гээд л гоё гоё зүйл ярьж, сурталчилгаагаа хийж байсан. Одоо нэг л их гоё барилга гаднаас нь л харах юм байна шүү дээ. Зарим айл нь тавилгаа хийлгээд байгаа юм шиг байна лээ. Манайх бол хийлгээгүй. Байрандаа орох эсэх нь мэдэгдэхгүй, янз бүрийн шүүхийн маргаантай яваад байна. Одоо ордог бол ороод, үнэхээр орохгүй бол мөнгөө буцааж авч болдог бол авчихмаар байна. Ямар ч мэдээлэл өгөхгүй, одоохон, одоохон гээд л яваад байгаа” хэмээн ярив.




Өнөөдөр морь өдөр

43 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр

1 хоногийн өмнө