ЭМЯ: Эмчлэгдэж буй хүмүүсээс гурвынх нь бие муу байна

ЭМЯ: Эмчлэгдэж буй хүмүүсээс гурвынх нь бие муу байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,537,000 хүн өвчилж, 536,000 хүн эндсэн байна. 6.5 сая хүн эдгэрсэн бол 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 165,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан.

Сүүлийн хоногт АНУ-д 52,000, Бразилд 26,000, Энэтхэгт 23,000 хүн шинээр халдвар авсан байна. Энэтхэгт анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь өчигдөр байлаа.

Манай улсын хувьд өчигдөр 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2,763 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлэгдэж байгаагийн гурвынх нь бие хүнд байна. Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байгаа. Сүүлийн 24 цагт 119 дугаарт 154 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, БНСУ-аас гурван иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа" гэв.

Мөн Ховд аймагт тарваган тахал туссан хоёр иргэдийн биеийн байдал сайжирч байгаа бол Баян-Өлгий аймагт нохой зууж ирсэн тарвага идсэн иргэн өндөр халуурч эмнэлэгт хүргэгджээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  "Долдугаар сарын 5-ны өдөр гурван лабораторид нийт 334 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Охинтой болсон. Өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 134 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан" гэв.