Тарваган тахлын сэжигтэй тохиолдол Завхан аймагт илэрсэн тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр /2020.07.25/ 21.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм.
Тэгвэл Завхан аймгийн онцгой комисс дахин хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэр гаргасан байна.
Учир нь Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүнд шинжилгээ хийсэн байна. Харин шинжилгээний хариу өнөөдөр /2020.07.26/ өглөө 07.00 цагт гарч, урьдчилсан байдлаар сөрөг гарсан байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:
- Нэгдүгээрт, Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
- Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
- Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд:
- Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэжээ.