Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, нэг хүн эдгэрэн эмнэлгээс гарлаа

Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, нэг хүн эдгэрэн эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Сүүлийн хоёр хоног дөрвөн лабораторид нийт 1,281 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,280 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Энэ хүн нь аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч байсан. Харин нэг сайн мэдээ нь өнөөдөр дахин нэг хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүний тухайд, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 315 тохиолдол батлагдсан. Үүнээс 308 нь буюу 98 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалт дууссан. Одоогоор ХӨСҮТ-д нийт долоон хүн эмчлэгдэж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Мөн иргэдийг улирлын томуугийн вакциндаа хамрагдах хэрэгтэй гэдгийг дурдаад, аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс даяар улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт улс даяар явагдаж байна. Тиймээс иргэд вакциндаа хамрагдах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн мэдээллээ.