УОК: Жолоочийн ойрын хавьтлын 24 хүний шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна

УОК: Жолоочийн ойрын хавьтлын 24 хүний шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна

Хөл хорио тогтоосонтой холбоотой Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

-ХОЁР ЦАГИЙН ДАРАА ЭХНИЙ ХАВЬТЛУУДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРНА-

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "10 сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд гурван удаа шинжилгээ авахад сөрөг гэсэн хариу гарсан. Тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна” гэв.

-ЖОЛООЧИЙН ЯВСАН МАРШРУТААР ЗОРЧСОН ИРГЭД САЙН ДУРААРАА ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ-

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ЦЕГ-ын дэд хурандаа Ж.Амгалан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жолоочийн явсан маршрутын зураг тархсан байсан. Энэ нь зөвхөн ерөнхий маршрут гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид сүүлийн 12 цаг хавьтлуудыг тогтоох чиглэлээр ажиллаа. Жолоочийн шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтал гээд нэлээд олон тоо гарна. Нуух зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй маршрутаар явсан иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, эрүүл мэндийн салбарууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улсын засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо.

Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна" гэлээ.