ЭМЯ: Сэлэнгэд батлагдсан 74 настай иргэн гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй

ЭМЯ: Сэлэнгэд батлагдсан 74 настай иргэн гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн 74 настай Ц-ийн PCR шинжилгээгээр коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тус иргэний бэр, ач хүү хоёроос мөн коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сэлэнгэ аймагт 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ" гэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчид асуулт асуух үеэр "Сэлэнгэ аймагт илэрсэн гурван тохиолдол тээврийн жолоочтой хамааралгүй гэж УОК-оос өчигдөр өгсөн. Үүнийг тодруулж өгнө үү" гэхэд

"Сэлэнгийн гурван хүн одоогийн байдлаар тээврийн жолоочтой холбогдолгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Гэхдээ холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сэлэнгэд батлагдсан 74 настай эмэгтэй гэртээ гурвуулаа амьдардаг, гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй" гэв.