LIVE: Халдвар илэрсэн Сэлэнгэ аймгийн иргэн цэцэрлэгт багшилдаг байжээ

LIVE: Халдвар илэрсэн Сэлэнгэ аймгийн иргэн цэцэрлэгт багшилдаг байжээ

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.

Тус иргэний хавьтал болох хоёр хүнээс мөн халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ мэдээллээ. Тодруулбал, нэгдүгээр хавьтал болох бэр, 8 настай ачаас авсан шинжилгээ эерэг гарсан байна.

Тэд энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Сэлэнгээс Дархан-Уул аймагт ирж, Дарханы томоохон таван худалдааны төвөөр үйлчлүүлсэн талаар аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.  Ингэхдээ нэг худалдааны төвд 20-30 минут саатсанаас гадна "Оргил" худалдааны төвийн тоглоомын төвд хүүхдээ 2 цаг тоглуулсныг Дархан-Уул аймгийн Онцгой комисс цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран камерын шүүлтээр нарийн тогтоожээ. Тухайн үед тоглоомын төвд нийт 67 хүүхэд тоглосныг мөн тогтоож, шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын төв замын хөдөлгөөнийг бүрэн хааж, худалдааны төвүүдийг өнөөдөр мэргэжлийн байгууллагуудаар ариутгуулахаар болжээ.

Харин халдвар авсан гэх бэр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төмөр замын цэцэрлэгт багшилдаг нь тогтоогдсон ба Аймгийн Онцгой комиссоос үргэлжлүүлэн мэдээлэл хийх гэж байна.

Одоогоор Сэлэнгэ аймагт хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж буй бөгөөд нэг ч иргэнийг гэрээс гаргалгүй, гудамж бүр цагдаа, хяналтын байгууллагууд ажиллаж байна.