"Халдвар авсан автобусны жолооч 30-ны өдөр тусгаарлагдсан байсан"

2020-12-04 11:52

Түргэвчилсэн оношлуураар "Автобус нэг" баазын таван ажилтнаас коронавирус илэрчээ

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын "Ханын материал-Офицер" чиглэлд ажилладаг жолоочоос коронавирус илэрсэн мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр шөнө Нийслэлийн онцгой комисс хуралдаж тус  баазын ажилчдыг шинжилгээнд хамруулсан юм.  

Шинжилгээ авах үйл явц одоо ч үргэлжилж буй бөгөөд түргэвчилсэн оношлуураар нэмж 4 жолооч, захиргааны нэг ажилтнаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл байна. Эдгээр ажилчдын PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм. 

Мөн тус баазыг битүүмжилж үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Одоогоор уг баазын автобус явуулдаг шугам замд орлож автобус гаргаагүй бөгөөд уг асуудлаар холбогдох  албадууд хуралдаж буй бололтой. Ямартай ч  автобусны хүрэлцээ муутайгаас тус шугамд автобус гаргаж чадахгүй байна гэх мэдээлэл байгаа юм. ЭМЯ-аас өнөөдөр мэдээлэл хийхдээ автобусны жолоочоос коронавирус  илэрсэн. Ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлан PCR шинжилгээ авч, дам хавьтлын 400 гаруй хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна гэж мэдэгдсэн юм. 

Батлагдсан жолоочийн хувьд коронавирусийн халдвартай бариачтай хавьтагч гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ХӨСҮТ-ээс түүнийг олж 12 дугаар сарын 1-ны өдрөөс  тусгаарлажээ. Хамгийн ноцтой нь тус жолооч гурван өдөр шугам замд гарч зорчигчдод үйлчилсэн байна. Түүний ажлын гүйцэтгэлийг бодоход зөвхөн нэг өдөр 1000 орчим зорчигчид үйлчилсэн байгаа юм. 

2020-12-04 11:47

"Халдвар авсан автобусны жолооч 30-ны өдөр тусгаарлагдсан байсан"

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын жолоочоос коронавирус  илэрсэн талаар бид өчигдөр/2020.12.03/ эх сурвалжаас тодруулж мэдээлсэн билээ. Тэгвэл ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр үүнийг баталлаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид өчигдөр 7 тохиолдлын голомтод ажилласан. Батлагдсан тохиолдлууд хавьтлаа мартаж санаснаас болж хожуу оношлогдож, мэдэгдэх асуудал гарч байна. Өчигдөр автобус баазын жолооч хүний онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарлаж авсан бөгөөд энэ хүний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна" гэв.