ХӨСҮТ-Д ЭМЧИЛЭГДЭЖ БУЙ ИРГЭН: Хүүхдүүдэд маань тусламж үзүүлсэнд баярлалаа

2020-12-04 12:35

ХӨСҮТ-Д ЭМЧИЛЭГДЭЖ БУЙ ИРГЭН: Хүүхдүүдэд маань тусламж үзүүлсэнд баярлалаа

Өчигдөр /2020.12.03/ коронавирусийн халдвар авсан эмэгтэйн хоёр хүүхэд тусгаарлагдаж байгаад гэртээ харихад байрныхан нь гэрт нь оруулаагүй тул хүүхдүүдийн ээж хэвлэлд хандсан юм.

Улмаар УОК-оор дамжин, хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд очиж, Түр хамгаалах байранд авчирсан.

Тэгвэл хүүхдүүдийн ээж ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-д баярласнаа цахимаар илэрхийлээ. 

Тэрээр "Сайн байна уу. Би Баянзүрх дүүргийн Хүүхэд хөгжлийн төв болон УОК-д хандаж баярлалаа гэдгээ хэлэх гэсэн юм. Хоёр хүүхдэд маань цар тахлын хүнд хэцүү нөхцөлд амжиж төрийн тусламж үзүүлсэнд баяртай байна. Миний хүүхэд тухтай орчинд тоглоом тоглож байгааг сая дүрсээ харж ярихдаа харсан” гэв. 

2020-12-04 10:49

Халдвар авсан эмэгтэйн хоёр хүүхдийг байрныхан нь гэрт нь оруулаагүй тул түр хамгаалалтад авчээ

Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж буй эмэгтэйн хоёр хүүхдийг амьдарч байсан байрны оршин суугчид нь гэрт нь оруулаагүй байна. Тодруулбал, ээж нь халдвар авч эмчлүүлж байгаа тул 17 настай охин нь дөрвөн настай дүүгээ дагуулж, тусгаарлалтаас өчигдөр гарчээ. Гэтэл Баянзүрх дүүрэг дэх түрээслэн амьдарч байсан байрандаа иртэл оршин суугчид гэрт нь оруулаагүй байна.

Улмаар ээж нь хэвлэлд хандаж, асуудал УОК-оор дамжин, хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд очиж, Түр хамгаалах байранд авчиржээ.

Хүүхдүүд одоогоор Түр хамгаалах байранд байгаа бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын удирдлагууд энэ тухай өнөөдөр УОК-т танилцуулж байгаа аж. Халдвар авсан иргэн болон гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэх талаар одоогоор мэдээлээгүй байна.