“Вакцин авна гэж хэлчхээд алга болсон” Ч.Хүрэлбаатар сайдыг “АстраЗенека” компани хайж байна

“Вакцин авна гэж хэлчхээд алга болсон” Ч.Хүрэлбаатар сайдыг “АстраЗенека” компани хайж байна

Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулж байгуулсан байдаг. Тэрээр энэ ажлынхаа хүрээнд “Олон улсын байгууллага, вакцин үйлдвэрлэгч орнуудтай яриа хэлэлцээ хийж байгаа” талаараа мэдэгдэж байв.

Тэгвэл түүний энэ ажлынхаа хүрээнд хөөцөлдөж байсан вакцины ажлыг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлж чадаагүй бололтой. Учир “Их Британийн “АстраЗенека” компани Монголын Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар вакцин авна гэж хэлчхээд алга боллоо” гэж мэдэгдсэн байна.

Энэ талаар Монос группийн эзэн Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудастаа “Астразенека”-аас Ч.Хүрэлбаатар таныг хайж байна. Танай улсын Сангийн сайд вакцин авна гэж хэд хэдэн удаа ярьчаад алга болчлоо гэж надаас асуув. Танай нам, засгийн залгамж чанар хаана байна? Би өмнөөс нь нүүр улайхын. ЭМЯ сайд бас алга болсон гэв” гэжээ.

Сонирхуулахад, Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинаа сайн санааны дохио болгон зарим улсууд руу үнэ төлбөргүй экспортлохоор болсон. Тодруулбал, “Коваксин” гэх вакцинаа Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврик зэрэг 7 оронд, харин “Ковишиелд” гэх вакциныг Бутан, Афганистан улсууд руу илгээхээр шийдвэрлэж, шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдээд байна. 

“Коваксин”  болон “Ковишиелд” гэх хоёр вакцин нь нэгдүгээр сарын 3-нд Энэтхэг улсдаа батлагдсан бөгөөд “Ковишиельд” нь тус улсын Пуна хотод байрладаг “Serum Institute” (SII) гэх газар үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин бол харин манай улсад өгнө гэх “Коваксин” вакциныг Энэтхэгийн Анагаахын Судалгааны Зөвлөл боловсруулж “Bharat Biotech” гэх үйлдвэрт үйлдвэрлэсэн байдаг.  

Харин Засгийн газрын зүгээр “Covax” хөтөлбөрт хамрагдах гэж байна гэж их ярьдаг. Тэгвэл “Covax” хөтөлбөр гэдэг нь хөгжингүй орнууд ядуу буурай орнуудад вакцин худалдан авахад нь зориулан хандив цуглуулж буй төсөл юм. Харин Монос групп “АстраЗенека” компаниас 300 мянган тун вакцин авахаар захиалга өгсөн гэж мэдэгдэж байгаа билээ.