ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрбээр "2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17529 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 23 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол найм нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Үлдсэн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 219 тохиолдлыг илрүүлээд байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 3032 болж байна. Үүнээс 2362 нь эдгэрсэн. 

Одоогоор вакцинд 11120 хүн хамрагдсан байна. Тэдний 40 орчим хувьд нь түгээмэл хариу урвал илэрсэн. Үүнд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх, бие арзайх, толгой өвдөх шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч байна. Вакцинжуулсан иргэдийг цахим санд бүртгэж байгаа ба энэ мэдээллийг e-mongolia системд нэвтэрсэн тул иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой "гэв.