Архангай аймагт очсон халдвартай иргэн “шинжилгээний хариугаа хүлээлгүй” явсан байжээ

Архангай аймагт очсон халдвартай иргэн “шинжилгээний хариугаа хүлээлгүй” явсан байжээ

Архангай аймгийн Чулуут сумын нутагт “Сарлагийн тухай кино”-ны зураг авалт хийхээр Улаанбаатар хотоос энэ сарын 06 –ны өдөр очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Иймд Чулуут сумын онцгой комисс хуралдаж, тус сумаас гарах, орох хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай бүрэн зогсоосон билээ. 

Улаанбаатар хотоос очсон тухайн иргэн нь Чулуут сумын төвөөр дайралгүй, тус сумын Өлзийт гол багийн Естийн нуур гэдэг газарт очсон байдаг. Харин тэрээр шинжилгээний хариугаа хүлээлгүй, тус суманд очсон байна. Мөн Архангай аймгийн 20 гаруй хүнтэй уулзсан нь тогтоогдоод байгаа ажээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Архангай аймгийн засаг дарга Д.Золжаргал өөрийн твиттер хуудастаа “ Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс аймаг, суманд эрсдэл учирч байгааг Чулуут суманд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол харуулж байна. Сарлагийн тухай кино хийхээр ирсэн зураг авалтын багт шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч ирсэн хариуцлагагүй нэгнээс болоод аймагт минь эрсдэл үүсч байна. Улаанбаатар хотоос ирсэн 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан,  6 автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргүүллээ. Нэн ойрын хавьтлын иргэдийн сорьцыг ХӨСҮТөвийн лабораторид хүлээлгэн өглөө. Шинжилгээний хариу 03-р сарын 08-нд гарна” гэжээ. Мөн тус аймгийн онцгой комиссоос “Шуурхай штабын 70332772” утсыг ажиллуулж эхэлсэн байна. 

Иймд Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэд PCR-ын шинжилгээний хариугаа заавал авч байж, зорчиж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.