ЭМЯ: 108 хүнээс коронавирус илэрч, НЭГ хүн халдварын улмаас нас барлаа

ЭМЯ: 108 хүнээс коронавирус илэрч, НЭГ хүн халдварын улмаас нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.03.08) мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 7-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна. Мөн сүүлийн 24 цагт нэг иргэн халдварын улмаас нас барлаа. 

Энэ нь цар тахал гарснаар хойш Монгол Улсад нэг хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд. 

Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг танилцуулбал,

  • Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс,
  • Гуравдугаар сарын 5-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 421 болов.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой халдвар бүртгэгдлээ. Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна.

Ингээд тоглолт үзсэн, хавьтал болсон 119 хүнээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад 54 хүнээс коронавирус илэрсэн. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна" гэлээ.