ЭМЯ: Халдварын тархалтыг хумих зорилгоор 15 хоногийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг зогсоосон

ЭМЯ: Халдварын тархалтыг хумих зорилгоор 15 хоногийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг зогсоосон

Өчигдөр ЭМЯ-ны цахим хуудсаар хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалтыг түр зогсоосон талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр мэдээлэл тайлбар хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Вакцинжуулалтыг зогсоох хамгийн том шалтгаан нь өдөрт гарч буй халдварын тохиолдлыг бууруулах, нас баралтын тоог зогсоох юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас вакцинжуулалтын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан. Учир нь вакцины цэг дээр иргэдийн бөөгнөрөл ихээр үүсэх, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. Мөн эрдэмтэд судлаачдын зүгээс вакцины хоёр тунгийн зай хол байх нь дархлаажуулалтыг илүү сайн тогтоодог гэдгийг мэдээлж байгаа учраас иргэд маань хугацаандаа хоёр дахь тунгаа тариулаагүй хэмээн санаа зовних шаардлагагүй. Удахгүй энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийнэ” гэж мэдээллээ.

Энэ хугацаанд вакцины цэгүүдийг ариутгах, дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах аж.