Манай улсад “эхний тун хийх вакцины нөөц” дуусжээ

Манай улсад “эхний тун хийх вакцины нөөц” дуусжээ

Улаанбаатар хотод нийт 15 хоног /2021.04.10-25/ -ийн хатуу хөл хорио тогтоосон, энэ хугацаанд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимтэй хийнэ гэж мэдэгдэж байсан ч өчигдөр /2021.04.09/ орой “дархлаажуулалтыг хөл хорионы үед зогсооно” гэж ЭМЯ-наас гэнэт мэдэгдсэн. 

Тэгвэл өчигдөр /2021.04.09/-өөс эхлэн нийслэлд вакцинжуулалтын цөөн цэг ажиллаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Мөн ийнхүү цөөн цэг ажиллаж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга н.Зэндмаа “Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын хоёрдугаар тунг хийж байна. Эхний тунг хийх вакцины хүрэлцээ, нөөц байхгүй байна. Нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт вакцины хоёрдугаар тунг хийх бөгөөд үлдсэн цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ” гэж мэдэгдсэн байна. 

Харин өнөөдөр /2021.04.10/ хийсэн ЭМЯ-ны мэдээллийн үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Засгийн газраас дархлаажуулалтыг 15 хоног зогсоох шийдвэрт хүрсэн. Энэ талаар мэдээллийг Засгийн газраас хийнэ” гэж мэдэгдсэн байна. Иймд нийслэлд дархлаажуулалтын цэгүүд цөөрсөн, цаашлаад хөл хорионы 15 хоногт дархлаажуулалтыг зогсоосон нь “Монгол Улсад вакцины нөөц дууссан байж болзошгүй” байна. 

Харин вакцины эхний тундаа хамрагдсан хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа хөл хорионы энэ өдрүүдэд болж байгаа ч,  тэднийг хэрхэх нь одоо хирнэ тодорхойгүй, албан ёсны мэдээлэл гараагүй байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.