“Sun Medical center UB” эмнэлэг иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийхээр болжээ

“Sun Medical center UB” эмнэлэг иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийхээр болжээ

Хан-Уул дүүрэгт байрлах “Sun Medical center UB” эмнэлэг өдөр бүр иргэдээс PCR болон халдварын эсрэг дархлаа тогтоох шинжилгээ хурдан шуурхай авч үйлчилж байгаа ажээ. Мөн тус эмнэлэг нь ирэх долоо хоногоос иргэдэд  Спутник V, Астра Зенека вакциныг оруулж ирж, хийж эхлэх гэж байгаа юм байна.

Энэ талаар тус эмнэлгийн Шинжилгээний нэгдсэн төвийн эрхлэгч Н.Түвшинжаргал “Манай эмнэлэг “Монгол эм импекс концерн”-тэй хийсэн гэрээний дагуу 100 мянган хүн тун Спутник V болон Астра Зенека вакцин захиалчихсан байгаа. Энэ захиалга нь ирэх долоо хоногт ирнэ. Бид вакциныхаа цэгийг байгуулж, орчинг нь бүрдүүлээд бэлэн болчихсон байгаа. Вакцин ирээ л бол хүн ардыг вакцинжуулахад бэлэн болчихсон байна” гэж мэдээлжээ.

Тус эмнэлэг нь өдөр бүр 08:30-16:00 цагийн хооронд PCR шинжилгээг авдаг бөгөөд авсан шинжилгээний хариу үдээс хойш буюу шөнийн 22:00-23:00 цагийн хооронд гардаг байна. Одоогоор нэг тун вакциныг хэдэн төгрөгөөр иргэдэд хийх үнийн мэдээлэл нь тодорхойгүй байгаа бөгөөд тодорхой болвол  эмнэлгийн пейж хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.