"Дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл VII сарын эхэн үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 10-аас доош болох тооцоо гарсан"

"Дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл VII сарын эхэн үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 10-аас доош болох тооцоо гарсан"

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хатуу хөл хорионы үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй.

Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байна. Тухайлбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа юм.

28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орох тооцоолол хийгээд байна. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тохиолдол тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна" гэлээ.