ТОДРУУЛГА: Зарим сахиурыг 82 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөхийг шаардаж байна

ТОДРУУЛГА: Зарим сахиурыг 82 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөхийг шаардаж байна

Манай улсын хувьд дотоодод цар тахал дэгдээд  нэлээдгүй  хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин ажиллах нь зүй ёсны хэрэг.

Харин эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлэгчдэд болон тэдгээрийн сахиурт PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьдаг байна. Түүнчлэн уг шинжилгээний төлбөрт 82 мянган төгрөгөөр өгдөг гэв. 

Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Улсын 2 дугаар төв эмнэлэг өвчтөнөө сахих гээд орж байгаа хүн бүрээс тус бүр 82 мянган төгрөг хураан авч PCR шинжилгээ авч байна. Хэрэв 72 цаг нь дуусвал дахиад 82 мянган төгрөг төлж шинжилгээ өгнө. Зайлшгүй салах ёс хийх ёстой хүнд өвчтөн дээрээ ар гэрийнхэн ах дүү хамаатан садан гээд 10-аад хүн ороход нийтдээ 800 мянган төгрөг төл гэнэ. Зүгээр л бизнeс хийж байна. Уучлаарай та нар хүний эрүүл мэндээр бизнeс хийхээ зогсоо” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. 

Бид энэ талаар Улсын 2 дугаар төв эмнэлгийн холбогдох албанаас тодруулахад, "Хэвтэн эмчлүүлэгчдийн сахиурт PCR шинжилгээ заавал өгсөн байх шаардлага тавьж байгаа. Харин уг шинжилгээний үнийн хувьд Эрүүл мэндийн даатгал /ЭМД/ төлсөн иргэд үнэгүй буюу тухайн даатгалаас нь суутгадаг гэсэн үг. ЭМД төлөөгүй иргэдийн хувьд 82 мянган төгрөг төлдөг" гэлээ. 

Б.БЯМБАСҮРЭН