LIVE: Хөхүүл эмэгтэй вакцинаас биш, цус харвалтаас болж нас барсан гэв

LIVE: Хөхүүл эмэгтэй вакцинаас биш, цус харвалтаас болж нас барсан гэв

Энэ сарын 9-ны өдөр БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероцелл" вакциныг тариулсан 43 настай Ш гэх эмэгтэй маргааш нь буюу энэ сарын 10-нд нас барсан болохыг талийгаачийн охин Ц.Нандиндулам мэдээлсэн. Мөн талийгаачийг нялх биетэй, хөхүүл, амаржаад нэг сар орчим болж байсан гэсэн юм. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, 43 настай эмэгтэй тавдугаар сарын 10-ны өдөр нас барсан. Тухайн эмэгтэй нь төрөөд 40 хонож байсан байна. Үүнтэй холбоотойгоор ташаа мэдээлэл их гарч байна. Үүнд бодит мэдээллийг хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийснээс нэг эх эндлээ гэх мэдээлэл гарч, вакцинжуулалтын ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул мэдээлэл хийж байна.

Вакцины дараах хариу урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох тусгай хороо ажилладаг. Энэ удаагийн тохиолдлын задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар талийгаач бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тодорч эхэлж байна. Тухайн эмэгтэй нь тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Цүлхэн нь хагарснаас тархины хоёр далбан хэсгийн суурийн хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаар уг эмгэгийн улмаас нас барсан байна гэх урьдчилсан дүгнэлт гараад байна” гэлээ.