Э.Ананд хүүгийн ЭЭЖ: Цусны хавдар гэсэн давхар онош илэрсэн

Э.Ананд хүүгийн ЭЭЖ: Цусны хавдар гэсэн давхар онош илэрсэн

Найман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдартай” гэж Монголд оношлогдож БНСУ-д эмчилэгдэх шаардлагатай болсон байдаг. Иймд түүний эмчилгээнд шаардлагатай 380 сая төгрөг олон иргэдийн хандиваар цугларч, тэрээр энэ сарын 13-ны өдөр БНСУ-ыг зорьсон юм.

Тэгвэл тэрээр БНСУ-д очоод 14 хоногийн тусгаарлалтаа өчигдөр /2021.05.27/ дуусгаад, төлөвлөсний дагуу ирэх долоо хоногт хагалгаанд орох байсан ч, цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр “цусны хорт хавдартай” болох нь давхар оношлогдсон талаар эх сурвалж мэдээлжээ. Иймд бид Э.Ананд хүүгийн биеийн байдал ямар байгааг тодруулахаар түүний ээжтэй холбогдож дараах тодруулгыг авсан юм.

-Э.Анандын тусгааралтын хугацаа өчигдөр дууссан гэсэн. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Өчигдөр /2021.05.28/ бид анх төлөвлөж байсан Сунг Чанг Хян эмнэлэгтээ очсон. Эхний ээлжийн шинжилгээ хийгээд онцын өөрчлөлтгүй бол ирэх даваа гараг /2021.05.31/-т хагалгаанд орох байсан. Гэтэл хагалгааны өмнөх цусны шинжилгээгээр цусанд өөрчлөлт илрээд, нарийн шинжилгээний дүнгээр цусны хавдар гэсэн давхар онош илэрлээ. Анх төлөвлөж байсан Сунг Чанг Хян эмнэлэг маань нуруу нугасны хагалгаагаар дагнасан учраас цусны хавдар хамааралгүй болсон. Тиймээс бид хоёр өчигдөр "Самсунг" эмнэлэг рүү шилжсэн байгаа. Сөүлийн "Самсунг" эмнэлгээс нуруу нугасны хавдар нь амь наснаас хол байна. Эхлээд цусны хавдраа эмчлэх шаардлагатай гэсэн хариу өглөө. Өчигдөр цусны шинжилгээ, өнөөдөр өглөө чөмөгний шинжилгээ тус тус өгсөн болохоор өнөө оройдоо химийн эмчилгээнд орох төлөвтэй байна.

-Чөмөгний шинжилгээний хариу нь хэзээ гарна гэсэн вэ?

Чөмөгний шинжилгээний хариу долоо хоногийн дараа гарна. Тийм болохоор долоо хоногийн дараагаар чөмөг шилжүүлэх шаардлагатай цусны хавдар байна уу, химийн эмчилгээ хийхэд эдгэдэг хавдар байна уу гэдэг нь нарийн тодорхой болно гэсэн.

Бидний анх төлөвлөж авч ирсэн 380 сая төгрөг хаанаа ч хүрэхээргүй болсон. Дахиж хандивын аянаа үргэлжлүүлэхээс өөр арга үгүй байна.

Ирэх долоо хоногт чөмөгний шинжилгээний хариу гартал эмнэлгийн зүгээс нуруу нугасны химийн эмчилгээ хийнэ гэсэн. Тэгэхгүй бол нурууны хавдар нь цаашаа тархах магадлалтай учир химийн эмчилгээ хийж шимэгдүүлэх хэрэгтэй болсон.

-Цусны эмчилгээнээс өмнө хагалгаа хийгүй гэсэн үг үү?

-Тийм. Цусны эмчилгээнээс өмнө нуруу нугасанд хагалгаа хийхгүй гэсэн. Химийн эмчилгээ хийлгэхээс өмнө жин, өндөрт тохируулж тунгаа захиалдаг юм байна. Шинжилгээний завсар гарсан дээр өнөөдөр бүтэн биеийн хэт авиан шинжилгээнд орно. Үүгээр хавдар нь томорсон байна уу эсвэл өөр тийшээ үсэрхийлж үү гэдэг нь тодорхой болох юм. Цусны хавдар нь цагаан эсийнх, улаан эсийнх цус ихэсдэг, багасдаг гэсэн олон төрөлтэй юм байна. Ирэх долоо хоногт ямар төрлийнх нь вэ, чөмөг шилжүүлэн суулгах уу, шилжүүлэн суулгах чөмгийг нь өөрөөс нь авах уу, донор хайх уу гэсэн бүх асуудлууд тодорхой болно. Самсунг эмнэлэг хэдий хэр хугацаанд хэвтэж эмчлүүлэх болон хэдэн төгрөгийн зардал гарах талаар багцааг тэр үед хэлэх байх.

-Өнөөдрийн байдлаар Э.Анандын биед ямар шинж тэмдэг илэрч байна вэ, бие нь давгүй байна уу?

-Өнөөдөр чөмөгний шинжилгээ хийлгэсэн. Тэр нь ясыг нь цоолж, дээж авахыг хэлдэг юм байна. Тэгэхээр бүтэн унтуулагад ордог учир одоо дөнгөж унтуулганаасаа гарч байна. Унтуулах тариа хийсний дараа тогтмол өвчин намдаагч тарихгүй бол өвдөлт их мэдрэгддэг гэсэн. Өчигдөр бид хоёр тусгаарлалтаас эмнэлэг рүү шилжиж ирээд, хуучин эмнэлгээсээ одоогийн эмнэлэг рүү шилжих гээд нааш цааш их явсан учир өчигдөр орой нэлээд халуурч, бие нь сульдсан. Одоогийн байдлаар өндийж суухаа болиод, хавдар шимэгдүүлдэг дусал залгуулсан учир ерөнхийдөө сульдсан байдалтай байна. Нар үзэхгүй, агаар салхинд гарахгүй удсан учир арьс нь цайраад цонхийгоод байна гэж бодтол цусны хавдраас үүдэж арьсных нь салстууд эмзэг, хэврэг болдог юм байна. Шинжилгээний хариу ирэх долоо хоногийн тав дах өдөр гэхэд гарчихна хэмээн найдаж байна.

М.Саранцэцэг