С.Энхболд сайдын тушаалд “Коронавирусийг эмчлэхэд сахиус зүүж, нүгэл үйлдэхгүй байх” гэж тусгажээ

С.Энхболд сайдын тушаалд “Коронавирусийг эмчлэхэд сахиус зүүж, нүгэл үйлдэхгүй байх” гэж тусгажээ

Коронавирус халдвар 2020 оны эхээр Дэлхийн улс орнуудад бүртгэгдэж эхлэхэд манай Гандантэгчэнлин хийдээс “коронавирусээс сэргийлэх үрэл”-ийг гаргаж, зарим сүсэгтэй иргэдэд тарааж байв. Мөн тус үйлдэлд зарим иргэд ч “шүүмжлэлтэй” хүлээж авч байсан гэж болно.

Гандантэгчэнлин хийдийн тус шийдвэр нь нэг талаар бурхны шашны зан үйл, нөгөө талаар Монголын уламжлалт анагаах ухааны нэг төрөл гэж тайлбарлаж болох юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр “Түр заавар шинэчлэн батлах тухай” А/328 тоот тушаал гаргасан байна. Ингээд тус тушаалдаа “коронавируст халдварыг уламжлалт анагаах ухааны онолоор оношлох, эмчлэх түр зааврыг хавсралтаар баталсугай” хэмээгээд, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын А/328 тоот тушаал

  • Харин А/328 тоот тушаалын хавсралтын 5.5 -д “Гүрэм засал” хэмээгээд, үүнд “Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусгаж утах. Маналын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхтэн тарни, Дарь эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж, өөрийгөө болон үр хүүхдээ адислах. Манал, цагаан шүхэрт, Доржнамжом, Загджүсүм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулах, Ёсчилон бүтээсэн сахиус зүүх зэрэг дээдийн номонд сүсэглэнэ” гэж заажээ.
  • Мөн тус тушаалын хавсралтын 7.4 -д “Амьтны амь таслах, хулгай хийх, бэлгийн самуурал, архи уух зугаа цэнгэлд шунах, худлаа хэлэх, хэрэггүй чалчаа үг ярих, хоорондоо хэрэлдэж маргалдах зэрэг арван хар нүгэл үйлдэхгүй байх. Сэтгэлдээ хүсэж тачаах, уурлаж унтууцах, өс хонзон, атаа хорсол үүсгэх, гомдож гутрах, зовж шаналах, айж эмээх зэргээр сэтгэлээ хямраалгүй, амар амгалантай байх” хэмээжээ.

А/328 тоот тушаалын хавсралт

Зарим иргэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын коронавирусийг уламжлалт анагаах ухааны онолоор оношлох, эмчлэх түр зааварт шүүмжлэлтэй хандаж, “Шинжлэх ухаанд эргэлзэж, ид шид илбэ жатгыг эрэлхийлж байна” хэмээн шүүмжилж байгаа бол, зарим иргэд “хүмүүсийн итгэл үнэмшлийг доромжлох хэрэггүй” зэргээр байр сууриа илэрхийлж байна.