Коронавирусийн халдвартай иргэн хулгайн замаар өөр сум руу зорчсон байжээ

Коронавирусийн халдвартай иргэн хулгайн замаар өөр сум руу зорчсон байжээ

Завхан аймгийн Улиастай суманд 2 иргэн коронавирусний халдвар авснаар нийт батлагдсан тохиолдол 497 боллоо. Хоёр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчилж байна. Гэрийн тусгаарлалтад 924 иргэн, тусгаарлах байранд 1 иргэн байна. Дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39.481 иргэн 83.4 хувь, хоёрдугаар тунд 24.514 иргэн 51.8 хувь хамрагдсан. Иргэдийн  дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байна. 

Халдвар авсан нь батлагдсан нэг иргэн гэрийн тусгаарлалт зөрчин Цагаанхайрхан сумруу хулгайн замаар явсан тул ойрын хавьтлын 7, дам хавьтлын 20 иргэнийг тусгаарлаад байна. Аймгийн онцгой комиссоос цаашид гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд хатуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэхээр шийдвэрлэлээ. 

Энэ өдрийн  аймгийн Шуурхай штабын хурлаар: 

  1. Улаанбаатар хотоос автобус болон онгоцоор ирэх иргэд вакцины бүрэн тунд хамрагдснаас хойш 14-өөс дээш хоносон байх шаардлагатай.
  2. Улаанбаатар хот болон бусад аймгаас вакцины бүрэн тунд хамрагдаагүй, зайлшгүй шаардлагатай тохиолдлоор ирэх  иргэдийг зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр хүлээж авна. Ингэхдээ 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээний хариутай байна. 
  3. Завхан аймгийн нийт иргэд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа дуустал Улаабаатар хот болон бусад аймгаас зөвхөн өөрийн аймгийн харьяат иргэдээ хүлээн авна. 
  4. Завхан аймгаас зайлшгүй шаардлагатай тохиолдлоор Улаанбаатар хот болон бусад  аймаг руу явсан иргэд буцаж ирэхдээ вакцины бүрэн тундаа хамрагдсанаас хойш 14 хоносон байх шаардлагатай.  
  5. Улиастай сумын ЗДТГ, шуурхай штаб гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд  хатуу хяналт тавьж ажиллана. Цаашид тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлнэ. 
  6. Худалдаа үйлчилгээний төвүүд ковидын бүртгэлийн программыг  ашиглаж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдүүлж буйд мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт тавьж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана. 
  7. Тосонцэнгэл сумыг “улбар шар”, Их-Уул сумын “шар” түвшинд шилжүүлж, хөл хориог шат дараатай сулруулахаар тус тус шийдвэрлэлээ. 

Жич: Аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний эсрэг дархлаа тогтолтын түвшинг тодорхойлдог шинжилгээ хийж эхэлсэн тул иргэд сайн дураараа хамрагдах боломжтой болжээ.

Эх сурвалж: Завхан аймгийн шуурхай штаб