ИРГЭН Б: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвартай хүнтэй 15 минут хамт байсны дараа ковид тусчихсан байсан

ИРГЭН Б: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвартай хүнтэй 15 минут хамт байсны дараа ковид тусчихсан байсан

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Тодруулбал, хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн коронавирусийн халдвар авсан байна. Үүний 974 тохиолдол нь вакцины хос тунд хамрагдаад 14 хоносон иргэн байгаа юм.

ДЭМБ болон олон улсын статустай эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж буйгаар вакцины хоёр тунгаа хийлгэснээс 14-21 хоногийн дараа вирусийн эсрэг дархлаа хүний биед тогтдог. Гэвч манай улсад вакцины хоёр тунгаа хийлгэсэн цөөнгүй иргэн халдвар аваад буй учир амны хаалтаа зүүж, халдвар хамгаалалтын дэглэмээ мөрдөхийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс бид вакцины хоёр тунгаа хийлгээд 18 хоногийн дараа халдвар авсан иргэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та ямар вакцин хийлгэсэн бэ?

-Сайн. Сайн байна уу. Би БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр дахь тунгаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хийлгэсэн. Гэвч 18 хоногийн дараа шинжилгээ өгөхөд эерэг гарсан.

-Ойрын хавьтал болсон уу. Ямар замаар халдвар авснаа мэдэж байна уу?

-Тийм ээ. Ойрын хавьтал болсон. Хамт ажилладаг хүн маань халдвар авсан гэдгээ мэдэлгүй ажилдаа хүрээд ирчихсэн байсан. Гэхдээ тухайн өдөр ажиллаагүй. Оффис дээр 15 гаруй минут түр ирээд явсан. Тэр орой шинжилгээ нь эерэг гарч, би ойрын хавьтал болсон учраас гэртээ өөрийгөө тусгаарласан.

-15 минут түр хугацаагаар ирээд явсан гэж байна. Энэ хугацаанд амны хаалтаа авсан хэрэг үү?

-Тийм ээ. Бид нэг өрөөнд 15 гаруй минут юм ярьж суусан. Гэхдээ хоорондоо нэлээн зайтай суусан. Гэсэн ч битүү өрөөнд байсан учраас халдвар дамжих нөхцөл бүрдсэн байх.

-Танаас гадна өөр хүн байсан уу?

-Надаас гадна таван хүн хамт байсан.

-Тэгвэл тухайн үед хамт байсан хүмүүсээс тань халдвар авсан уу?

-Яг тэнд хамт байсан хүмүүсээс нэг ч хүн халдвар аваагүй. Би ганцаараа эерэг гарсан. Зарим нь амны хаалттай байсан учраас халдвар аваагүй байх гэж таамаглаж байгаа. Мөн тухайн хүний дархлаанаас хамаардаг байх. Миний хувьд сүүлийн үед илүү цагаар шөнө болтол сууж ажиллаад нэлээн ядарчихсан, дархлаа султай болчихсон байсан.

-Хамт байсан хүмүүс тань мөн вакцин хийлгэсэн байсан уу?

-Ихэнх нь Вероселл вакцины хоёр дахь тунгаа хийлгэчихсэн байсан. Нэг хүн огт вакцин хийлгээгүй байсан.

-Та өөрийгөө тусгаарласан гэж хэлсэн шүү дээ. Шинжилгээгээ яаж өгсөн юм бэ?

-Ойрын хавьтал болсон өдөр бие чилээрхээд нэг л биш байсан. Гэхдээ сэтгэл санаа дагаад байгаа юм болов уу гэж бодож нэг их тоогоогүй. Вакцины хоёр тунгаа хийлгээд бараг 20 хонож байсан учраас халдвар авахгүй байх гэж бодсон. Маргааш нь ажилдаа явах шаардлагатай учраас өрхийн эмнэлэг рүү гээ залгаж шинжилгээ авахыг гуйсан. Гэтэл заавал шинж тэмдэг илэрч буй хүмүүсээс л шинжилгээ авна гэсэн. “Миний бие чилээрхээд, толгой бага зэрэг эргээд байгаа” гэтэл хоёр цагийн дараа шүлсээр шинжилгээ авсан. Маргааш нь “таны шинжилгээний хариу эерэг гарлаа” гэсэн мессеж утсанд ирсэн.

-Танд тухайн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үү?

-Толгой бага зэрэг өвдөж, босохоор эргээд байсан. Мөн цээж бага зэрэг хатгаад байх болсон. Өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэчихсэн болохоор шинж тэмдэг маш хөнгөн илэрсэн. Бие бага зэрэг сульдаж байгаа нь мэдрэгдэж байсан ч бусдаар энгийн үе шигээ л байсан.

-Та гэртээ хэдүүлээ амьдардаг вэ. Гэртээ тусгаарлагдах боломжтой байсан уу?

-Би хоёр дүү, ахтайгаа амьдардаг. Хөнгөн туссан учраас гэртээ тусгаарлагдаж эмчлүүлэхээр болсон. Жижиг өрөөндөө өөрийгөө тусгаарласан. Гэрийнхнээс маань зургаа хоногийн дараа шинжилгээ ирж авахад бүгд сөрөг гарсан.

-Өрхийн эмнэлгээс хяналт тавьсан юм байна. Ямар эм хэрэглэхийг зөвлөсөн бэ?

-Би өөрөө хөдөө орон нутгийн харьяалалтай. Шилжилт хөдөлгөөнийг зогсоочихсон учраас түр оршин суугчаар “явдаг”. Өрхийн эмнэлэг рүү залгаж, эерэг гарсан гэдгээ хэлтэл ойрын хавьтлын эмчтэй холбож өгсөн. Ойрын хавьтлын гэх эмч нь утсаа ерөөсөө авдаггүй юм билээ. Эхний хоёр, гурван өдөр холбогдох гээд чадаагүй. Ингээд арайхийн холбогдож учир байдлаа хэлж зөвлөгөө авсан. Харин “гэрийнхнээс маань шинжилгээ авах уу” гэтэл харьяалалгүй гээд ирээгүй. Намайг ч харьяалалгүй гэдэг шалтгаанаар бараг тоогоогүй. Халдвар авсан гэдгээ мэдээд хүн их сэтгэлээр унадаг юм билээ. Эмчийн хяналт байхгүй, ямар эм уухаа ч мэдэхгүй, эхэндээ хэцүү байсан. Өөрөө л интернетээс судалж байж, ямар эм уух, яаж өөрийгөө эмчлэх талаар мэдсэн. Гэрийнхэн маань ажил, сургуульдаа явах шаардлагатай учраас хувийн эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн.

-Хэд хоногийн дараа эдгэрсэн гэдгээ мэдэж, тусгаарлалтаа дуусгасан бэ?

-Яг 14 хоногийн дараа тусгаарлалтаа дуусгасан. Эмч 10 хоногийн дараа шинж тэмдэг илрэхгүй байвал ажилдаа явж болно гэсэн. Миний хувьд сэрэмжилж 14 гэрээс гараагүй. Эерэг гарснаас 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Ер нь вакцины хоёр тунгаа хийлгэсэн ч халдвар авснаа мэдэхээр хүн сэтгэлээр их унаж, тогтворгүй болдог юм байна лээ. Тиймээс халдвар авсан бол юун түрүүнд сэтгэл санаагаа тайван байлгахад анхаарах хэрэгтэй. Хэдий дархлаа султай хэдий ч вакцины хоёр тунгаа хийлгэсэн байсан учраас яалт ч үгүй маш хөнгөн туссан. Хэрэв вакцинаа хийлгээгүй байсан хүндэрчихсэн байх байсан гэж бодож байна. Тиймээс иргэдийг өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд вакцинаа заавал хийлгээрэй, мөн хэдий вакцин хийлгэсэн ч дор бүрнээ анхааралтай байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.