Дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан хүмүүс орон нутагт зорчих УОК-ийн шийдвэр нэр дэвшигч Д.Энхбатад үйлчилсэнгүй

Дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан хүмүүс орон нутагт зорчих УОК-ийн шийдвэр нэр дэвшигч Д.Энхбатад үйлчилсэнгүй

ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр  дэвшигч Д.Энхбат  болон түүний эхнэр, хамгаалалтын ажилтан коронавирусийн халдвар авч өнөөдөр тусгаарлалтад  орсон. Тэгвэл нэр дэвшигч Д.Энхбат тавдугаар сарын 2-нд, түүний эхнэр нь 5-нд БНХАУ-ын  “Синофарм” үйлдвэрийн веросел вакцины эхний тунг хийлгэжээ. Тавдугаар сарын 2  бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорсон өдөр.

Цаг хугацааны хувьд уншигдаж байгаа нэг зүйл нь  Д.Энхбат  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдмэгц вакцины эхний тунг хийлгэсэн болж таарлаа.  Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос   ковидын халдварт өртөх өндөр эрсдэлтэй  50-64 насны  иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд  дээрх насны иргэдийн дархлаажуулалтад хамрагдалт  хамгийн өндөр хувьтай яваа. Тэгвэл нэр дэвшигч Д.Энхбат   гурав, дөрөвдүгээр сарын турш вакцинаа   хийлгэлгүй явсан нь ерөөс вакцин хийлгэх хүсэлгүй байсан байна.

Веросел вакциныг хийлгэснээс хойш 21 хоногийн дараа давтан тунг хийлгэх ёстой.   Нэр дэвшигч бүтэн нэг сар болж байхад хоёр дахь тунгаа хийлгээгүй шалтгаанаа “Олон нислэгийн өмнө хугацаа таарсан учир  бие хямрахаас эмээж хойшлуулсан” гэж тайлбарлажээ. Нэг аймгаас нөгөө аймаг руу нисэж өдөрт  олон зуун хүнтэй биечлэн уулзаж явсан хүн өөрийнхөө биеийг хямрахаас эмээгээд вакцинаа хойшлуулж, хийлгэхгүй  явсан гэхээр үнэхээр хариуцлагагүй үйлдэл.   Нэр дэвшигч Д.Энхбатын бас нэг хариуцлагагүй үйлдэл нь вакцины бүрэн тундаа хамрагдаагүй байж  орон нутагт зорчсон явдал.

Уг нь Улсын онцгой комиссын шийдвэрээр  дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан хүн орон нутагт явах ёстой.  Энгийн иргэд  вакцинжуулалтад  хамрагдсан  гэрчилгээ үзүүлж орон нутагт зорчиж байгаа бол нөгөө хэсэг нь хоёр дахь тун хийлгэснээс хойш  14 хоногоо хүлээж, УОК-ийн шийдвэрийг ягштал мөрдөж байна. Харин   нэр дэвшигч Д.Энхбат УОК-ийн шийдвэрийг үл тоожээ.

Нэр дэвшигч Д.Энхбат 11 аймгийн ард иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад орсноор цаашид биечлэн иргэдтэй уулзах боломжгүй болж байна.

С.Наран