Ж.Оюунбилэг: Япон руу явуулсан 20 сорьцын 15 нь мутацид орж хувирсан МОНГОЛ омог байсан нь тогтоогдсон

Ж.Оюунбилэг: Япон руу явуулсан 20 сорьцын 15 нь мутацид орж хувирсан МОНГОЛ омог байсан нь тогтоогдсон

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн Англиас гаралтай коронавирусийн мутаци манай улсад бүртгэгдсэн” талаар мэдээлсэн билээ.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Вирус мутацид орсон эсэхийг "whole genome sequencing" аргачлалаар албан ёсоор тодорхойлж, зарладаг. Манай гурван вируслогич Япон улсад 20 гаруй сорьц дээр ажиллан, шинжилж байна" гэсэн юм.

Тэгвэл Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэг “Itoim” сайтад өгсөн ярилцлагадаа Монголд илрээд буй мутацийн талаар ярьжээ.

Тэрбээр “Монголд үүссэн гэх коронавирусийн 20 омгийг манай мэргэжилтэн Япон руу авч явж, судалсан.

Ингэхэд тухайн 20 омгийн нэг нь л Хятадын Уханий омог байсан бөгөөд дөрөв нь дэлхий дахинд тарсан омог, харин үлдсэн 15 нь мутацид орж хувирсан монгол омог байсан нь тогтоогдсон.

Энэ нь нэг ёсондоо вирусийн өөр нэг шинж чанар буюу тухайн улсын үндэстэн, угсаатанд хувирч дасан өөрчлөгдөж байгааг харуулж байна. Мөн вирус ийнхүү улам хүн амд дасан зохицож, өөрчлөгдсөнөөр халдварлуулах болон өвчлүүлэх эрсдлийг улам өндөр болгож байгаа юм” гэжээ.