С.Энхболд: Эрдэнэт хотод Дельта вирус гарсан нь тогтоогдоогүй. Манай улсад тогтоох ч боломж байхгүй

С.Энхболд: Эрдэнэт хотод Дельта вирус гарсан нь тогтоогдоогүй. Манай улсад тогтоох ч боломж байхгүй

Өчигдөр/2021.06.22/ Орхон аймгийн онцгой комисс мэдээлэл хийхдээ 180 хүний сорьцыг Улаанбаатарт шинжлүүлэхэд Энэтхэг мутаци буюу “Дельта” хувилбар илэрсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, Орхон аймагт “Дельта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг  хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн нар хариулт өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон тухай болон “Дельта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй. Манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэж хариулсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.