ФОТО: Орхон аймагт халдвар илэрсэн иргэдийн гэрийн хаалгыг цагдаагийн байгууллагаас “лацдаж” эхэлжээ

ФОТО: Орхон аймагт халдвар илэрсэн иргэдийн гэрийн хаалгыг цагдаагийн байгууллагаас “лацдаж” эхэлжээ

Коронавируст халдварын өвчлөлийн тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед өвдөж зовуурласан иргэнийхээ эрүүл мэндийн төлөө санаа зовох бус үл мэдэх үгс хэлж, хэт хатуу шаардлага тулгаж буй нь төрийн төмөр нүүр гэлтэй.

Монгол Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд найман сарыг өнгөрөөсөн хэдий ч аймаг, сум бүрт өөр өөр дэглэм үйлчилж буй мэт амьдарсаар байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яам, УОК-оос халдварын тохиолдол бүртгэгдсэн айлын хаалгыг 14 хоног лацдана гэсэн тушаал, үүрэг чиглэл өгөөгүй. Гэтэл Орхон аймгийн Цагаанчулуут багийн оршин суугч Д гэх эмэгтэй энэ сарын 14 /2021.06.14/-нд PRC шинжилгээгээр эерэг гэсэн хариу авчээ. Тэрээр даруй өөрийгөө тусгаарласан ч хэд хоногийн дараа  цагдаа утасдаж хашааных нь хаалгыг лацдах тухай дуулгасан байна. Бид энэ талаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн оршин суугч  иргэн Д-ээс тодрууллаа.

Орхон аймаг

-ХАШААНААСАА ГАРВАЛ Л ТОРГОНО ГЭСЭН-

Тэрээр, “Миний хувьд ковидын шинж тэмдэг илрээд долоо хонож байна. Тухайн үед шинж тэмдэг илрэнгүүт нь ПСР шинжилгээ өгсөн. Тэр даруйдаа гэртээ харьмагцаа, хөдөөнөөс ирээд нэг хонож байгаа хүүхдүүдээ хажуу гэртээ нөхрийнхөө хамтаар тусгаарласан. Нөхрийн маань ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан учраас илүү гэртээ хүүхдүүдтэйгээ цуг үлдээсэн юм. Өөрийгөө тусгаарласан даруйдаа эмчилгээгээ эхэлж дэглэмээ маш сайн сахьсан.

Өрхийн эмчид шинжилгээний хариу эерэг гарсныг  хоёр хоногийн өмнө утсаар хэлсэн. Өчигдөр /2021.06.26/ өрхийн эмнэлгээс гэрт ариутгал хийгээд тав таван ширхэг эм өгөөд явсан.  Эмчилгээгээ долоо хоногийн өмнө эртхэн эхлүүлсэн тул одоогоор надад ямар ч зовуурь алга. Дунд нь ганц хоёр өдөр амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрсэн дороо зүгээр болсон. Гэтэл ганц ч удаа таны бие ямар байна гэж асуугаагүй хэрнээ өчигдөрхөн “Танайхаас Ковид илэрсэн гэнэ, хашааны чинь хаалгыг лацдана шүү хашаанаас нэг ч хүн гарахгүй” гэж утасдаж хэллээ.

Тэгэхээр нь би гэр хороололд усан байгууламжаас ундны усаа авдаг иргэд яах вэ гэтэл цагдаагаас “Түүнийгээ өөрсдөө л аргал, таньдаг хүмүүсээрээ туслуул” гэсэн. 14 хоног хаалга лацдана гэж юу гэсэн үг вэ. Өрхөөс маань сөрөг гарсан хүн тусгаарлалтаа дуусгаад гэрээс  гарч ус түлээндээ явж болохгүй юу? гэтэл “тийм юм байхгүй, хашаанаасаа гарвал л торгоно” гэж захиргаадсан. Бас хэдэн төгрөгөөр торгохоо ч хэлээгүй.

-"ЭЛДЭВ ҮГ ХЭЛБЭЛ ТАНЫГ ТОРГОНО ШҮҮ, ХУУЛЬТАЙ БОЛСОН ШҮҮ" ГЭСЭН-

Би тэр даруй бухимдсандаа Аймгийн Онцгой Комисст хэлтэл утсаа авсан ажилтан нь “та үгээ бодож хэлээрэй, элдэв үг хэлбэл таныг торгоно шүү хуультай больсон” гэж хэллээ. Өвчилсөн хүн ч шинж тэмдэг илрээд 10 хоносны дараа вирусээ бусдад халдаахгүй гэдгийг шинжлэх ухаанаар нотолчихсон байгаа. Сөрөг гараад гэртээ долоо хоног тусгаарлагдсан нөхрийг маань ч гаргахгүй үүд хаалга лацдаж байгаад бухимдаж байна. Худгаас ус авах асуудлаа өөрсдөө шийд л гэх юм. Хүн амьтан манай хаалгыг лацдачихсан байхад сэжиглээд ирж туслахгүй шүү дээ.  Аль нэг утас руу нь залгах бүрд л дээрээс ирсэн тушаал, лацданаа л гэх юм. Шинж тэмдэг илэрсэн, батлагдсан гээд нийтдээ 400 гаруй айлуудын хаалгыг лацдаад эхнээсээ дуусч байна гэж хэлсэн” гэсэн юм.

Орхон аймаг

Орхон аймаг