Коронавирусээр эндсэн ХОЁР САРТАЙ НЯРАЙН ААВ: Охинд минь нэг ч удаа ирж, эмчилгээ хийгээгүй

Коронавирусээр эндсэн ХОЁР САРТАЙ НЯРАЙН ААВ: Охинд минь нэг ч удаа ирж, эмчилгээ хийгээгүй

ЭМЯ-аас өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр хоёр сартай нярай коронавируст халдварын улмаас эндсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл нярайн аав цахим сүлжээнд түгсэн зарим ташаа мэдээллийг залруулахаар ярилцлага өглөө.  

Тэрбээр “Миний охиныг гурван хоног эмчилсэн гэж буруу мэдээлэл яваад байна. Хамгийн анх манай эхнэр халдвар авсан. Өрхийн эмнэлэгт үзүүлж батлагдахад “биднийг гэрээсээ гарч болохгүй шүү, та нараас хүүхдээс шинжилгээ авна” гэсэн. Шинжилгээ өгөхөд бүгд эерэг гарсан. Харин талийгаач охин маань түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарсан. Энэ хугацаанд эхнэр маань их хүнд өвдсөн. Тухайн үед би өрхийн эмч рүүгээ залгатал “ор олдохгүй байна" гэсэн

Охин маань сүүлийн хоёр хоног ногооноор чяцга алдсан. Би өрхийн эмчээсээ залгаж асуутал "Та сүүг нь хүйтэн өгөөд байгаа юм уу” гэсэн. Би ч магадгүй тэгсэн юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Өөр ханиалгаж уйлсан шинж тэмдэг байгаагүй" гэв. 

Мөн тэрээр "Ингээд батлагдсанаас хойших тав хоног эхнэрийн маань бие маш их муудсан. Удалгүй өрхөөс ирж хүчилтөрөгчийн аппарат залгасан. Тухайн үед би эхнэрээ эмнэлэгт хэвтүүлмээр байна гэхэд “хүнд хүн авахгүй” гэдэг зүйл ярьсан. Удалгүй эхнэрийн бие муудаж, амьсгал хураахаа шахсан. Би өрхийн эмнэлэг рүү залгаж хэлтэл “Тандалтын баг явууллаа” гэсэн. 20 гаруй минутын дараа Тандалтын баг нь үзээд авч явсан.

Тухайн үед нярайг авах ямар ч боломжгүй гэсэн учраас би аргагүйн эрхэнд гэртээ авч үлдсэн.

Гэтэл цахим сүлжээнд “аав нь өөрөө охиноо гэрээрээ авч үлдэе гэж хэлсэн” гэдэг худалд мэдээлэл явж байна. Мөн охинд маань гурван хоног эмчилгээ хийсэн гэсэн мэдээлэл явж байна. Энэ хугацаанд манай охиныг нэг ч удаа ирж үзээгүй. Хоёр дахь түргэвчилсэн шинжилгээгээр  нэг зураас гарсан. Энэ үед та хүүхдээ тусгаарлах боломж байна уу гэж байсан. Гурван хүүхэд маань гурвуулаа эерэг гарчихсан байхад би нялх охиноо хаанаа тусгаарлах билээ. Хэрэв охин маань ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтсэн бол эндэхгүй байх байсан. Хэдий ээжийнх нь бие хүнд байсан хэдий ч “бид эмчилж чадна” гэж авч явсан бол байдал өөр байх байсан” гэв.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө